ТББХ-ны дарга Н.Энхболд: Т.Аюурсайхан гишүүний өргөдөл ирээгүй

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрсний хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч буйгаа хоёрдугаар сарын 6-нд цахим хуудсаараа дамжуулан зарлаж байв. Түүний өргөдлийг хаврын чуулган эхлэхээр хэлэлцэнэ гэх мэдээллийг эрх баригчид өгч байсан.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн. Энэ үеэр Т.Аюурсайхан гишүүний чөлөөлөгдөх өргөдөл ирсэн эсэхийг УИХ-ын гишүүд асууж тодрууллаа.

Уг асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Т. Аюурсайхан гишүүний өргөдөл ирээгүй’  гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр өнгөрсөн долоон хоногт түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө эргүүлэн татсан гэх мэдээлэл цацагдаж байсан нь үнэн бололтой.

АТГ-аас түүний бүрэн эрх шалгахад саад учруулж байна хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлээд байгаа юм. Түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх АТГ-ын хүсэлттэй Ерөнхий прокурор танилцаж байна гэх мэдээллийг өнөөдөр өгсөн.

Прокурор АТГ-аас ирүүлсэн санал үндэслэлтэй гэж үзвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлнэ.

Сануулахад: Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Т. Аюурсайхан гишүүнийг ХНХ-ын сайдаас чөлөөлсөн билээ.