Таксинд дүүгээ хөнөөсөн этгээдэд 20 жилийн ял оноолоо

Хан-уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь алахыг завдаж, хамт явсан дүүгийнх нь амь насыг хохироосон хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. 

Тодруулбал, иргэн Л.Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Б-ийн хоолойг хутгаар хэрчиж алсан, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Г-ыг хутга барин хөөж алахаар завдсан гэх хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.