Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 21.2 мянган хүний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орсон. Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан зарим иргэдийн Тэтгэвэр тэтгэмж нэмэх хуулийн нэмэлт өөрчлөлтүүд Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд тусгагдсан билээ.

Үүнд, 1991 оны БНМАУ-ын Тэтгэврийн тухай хуулиар тухай үедээ олон хүүхэд төрүүлж, наснаасаа эрт тэтгэвэрт гарсан ээжүүд болон олон жил шимтгэл төлсөн мөртлөө нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эрэгтэйчүүд багтаж байгаа бөгөөд нийт 21.2 мянган хүн хамрагдах аж.

21.2 мянган хүний тэтгэвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 50 мянган төгрөгөөр шууд нэмэгдэнэ. Энэхүү тэтгэвэрийн нэмэгдэлд 12.7 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулахаар болжээ.