Хүүхэд хамгааллын тухай хууль энэ оны есөн сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуульд үе тэнгийн дээрэлхэлтийн талаар хэрхэн тусгасныг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатараас тодрууллаа.
-Үе тэнгийн дээрэлхэл хуульчлагдсан. Иргэдээс хуульд ямар өөрчлөлт орсон талаар иргэд ойлголт муу байна. Та энэ хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч?
–Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024.01.17-ны өдөр батлагдаж энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Хуучин бол иргэд хэрэгтэй хуулийн ном худалдаж авах, төрийн мэдээлэл эмхэтгэлд шинэ хууль хэвлэгдсэн үед худалдан авч уншдаг байсан бол одоо цахимаар тэр дундаа өдөр тутам хэрэглэж байгаа гар утасны дурын хөтчөөр ороод ямар ч хуулийг уншаад танилцах боломжтой болсон.
Гэхдээ зарим иргэд хуулийг хаанаас яаж унших талаар мэдээлэл байдаггүй. Энэ хуулийг хаанаас үзэх вэ гэж их асуудаг. Гар утас, компьютер дээрээс дурын хөтчөөр нэвтрээд legalinfo.mn гэж хайгаад эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд нэвтэрч 924 гаруй хуулиас гадна Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, яам агентлаг, сайд, аймаг нийслэлийн Засаг дарга зэргийн тогтол, тушаал, захирамж, шийдвэр зэрэгтэй танилцах боломжтой.
-Үе тэнгийн дээрэлхэл гэж яг юуг ойлгох вэ, хуульд энэ талаар хэрхэн тусгасан?
–Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.8.”үе тэнгийн дээрэлхэл” гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг хэлнэ гэж тодорхойлсон байгаа
– Хуульд багш эцэг эхийн үүрэг, оролцоо талаар ямар зүйлүүд тусгагдсан бол?
–Эцэг эхчүүдийн зүгээс манай хүүхдийн сургууль дээр дээрэлхэл байна, манай хүүхэд дээрэлхэлд өртөөд байна, өртсөн юм шиг байна, сургуульд нь хэлэх үү хэлээд нэмэргүй байх, яах уу гээд олон асуудал байдаг. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сургуулийн багш, ажилтан, сэтгэл зүйч, сайн дурын ажилтан сургуулийн орчин, дотуур байранд хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургуулийн нийгмийн ажилтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гээд үүрэг болгоод оруулсан байгаа. Тэгэхээр бид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртсөн талаар мэдсэн, таамагласан, илрүүлсэн бол нэн даруй мэдэгдэх үүрэгтэй болсон гэсэн үг.
Харин Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль нь хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, тухайн байгууллагын орчин, дотуур байранд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй суваг ажиллуулах, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд холбогдсон болон хохирогч хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамруулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хуульд тусгасан.
-Дээрэлхэлд өртсөн, дээрэлхэл үйлдсэн хүүхдүүдэд ямар арга хэмжээ авахаар тусгасан байгаа вэ?
–Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв дээрх мэдээллийг хүлээн авч, дараах арга хэмжээг авна.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагад мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх
Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байвал холбогдох эрх бүхий этгээдэд мэдэгдэх, хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхлийн талаар мэдээлсэн суралцагчийн мэдээллийн нууцыг хадгалах, цаашид хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, хохирогч хүүхдийг сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нэн даруй хамруулах
Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд дараах арга хэмжээг шат дараалан хэрэглэнэ. Суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зэрэг
-Дээрэлхлээс гадна хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаарх зохицуулалтуудаас дурдвал?
-Хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой дагалдах бусад хуулиудад ч гэсэн нэмэлт өөрчлөлтүүд орсон. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл буюу Хүүхдийн эрхийг зөрчих-д Өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор хууль бусаар хүүхдийн нэрийг барьж, ашиг олох, эсхүл амь нас, эрүүл мэнд, нэр хүндэд нь харшлах, аюул учруулах тоглоом, наадам, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээнд оролцуулсан бол,
Хуучин бол өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан гэж байсан бол “ашигласан” гэсний дараа эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийнхээ нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх гэрэл зураг, дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим орчинд байршуулсан” гэж нэмэлт оруулсан
Хуучин хуульд Сургууль сургуулийн дотуур байр гэж байсан бол түүнийг Боловсролын сургалтын байгууллагын дотуур байр, өдөр өнжүүлэх төв, асрамж, халамжийн төв, хүүхэд хамгааллын төв болон хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бусад байгууллага гэж өргөжүүлсэн.
Шинээр нэмж Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчны үйлчилгээ эрхлэгч өөрийн үйлчилгээнд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах арга хэмжээ авах
Үндэсний баяр наадмын тухай хуульд зааснаас бусад хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй бол торгох шийтгэл оногдуулахаар нэмэлт орсон зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон заалтууд нэмэгдсэн байгаа.
-Эцэг эхчүүдэд хандаж хэлэх зүйл ?
-Иймээс эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулийг уншиж танилцаад өөрсдийн эрх үүргийг мэдэх, дагаж мөрдөх, хүүхдийн эрхийг хамгаалах, эрхийг нь зөрчихгүй байхад анхаарах, бусад хуулиар хүлээсэн байгууллага албан тушаалтнаас хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах шаардлагатай байна.