ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД РОМАН СТАРОВОЙТ НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ОЛДЖЭЭ

ОХУ-ын Тээврийн сайд асан Роман Старовойт 2025 оны долдугаар сарын 7-ны өдөр албан тушаалаасаа огцорсон бөгөөд орой нь машин дотроо нас барсан байдалтай олдсон байна. Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд урьдчилсан байдлаар “амиа хорлосон” байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.

Роман Старовойт 2018 оноос Курск мужийн амбан захирагчийн албан тушаалыг хашсан бөгөөд 2024 оны тавдугаар сард ОХУ-ын Тээврийн сайдаар томилогджээ. Түүний гэнэтийн үхэл огцорсон өдөртэй яг давхцаж буй нь олон нийтийн анхаарлыг татаж, улс төрийн шалтгаантай гэх хардлагыг төрүүлж байна.

Мөн сүүлийн үед ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын гэнэтийн үхэл цувран гарах болсон нь олон нийтийг таамаг дэвшүүлэхэд хүргээд буй. Тухайлбал, ердөө дөрөв хоногийн өмнө буюу долдугаар сарын 4-нд ОХУ-ын төрийн өмчит “Транснефть” компанийн дэд ерөнхийлөгч Андрей Бадалов 17 давхраас унаж амиа алдсан бөгөөд түүнийг мөн “амиа хорлосон” байж болзошгүй хэмээн урьдчилсан байдлаар мэдээлжээ.