Сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, дохионы хэлний хэлмэрч орчуулагч нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сонгогчийн боловсрол олгох видео хичээлийг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран боловсруулснаа хүлээлгэн өглөө.
Видео хичээлийг Монголын багш эцэг эхийн холбооны “Сонсголын бэрхшээлтэй сонгогч иргэн” төслийн багаас 2019 онд сонсголын бэрхшээлтэй иргэд болон бусад иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан, мөн Сонгуулийн ерөнхий хорооны санал зөвлөмжийг авч бүтээсэн юм.
Видео хичээлээр сонгогч сонгуульдаа хэрхэн оролцох, сонголтоо хэрхэн хийх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгуульдаа хэрхэн оролцох тухай хуулийн болон онолын мэдлэгийг амьдралд хэрхэн энгийнээр ойлгож болох тал дээр анхаарлаа хандуулан ажилласан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд хэрхэн оролцохыг харуулсан богино хэмжээний видео контентод хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө идэвхтэй оролцсон бөгөөд тухайлбал харааны, тулгуур эрхтний, хөдөлгөөн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож ажиллав. Видео хичээлийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө дохионы хэлээр зааж чиглүүлэн дохионы хэл, хадмал орчуулга, дуу, дүрсний өндөр чанартайгаар хийж гаргажээ.
Төслийн зохицуулагч Б.Юмжирдулам хэлэхдээ “Энэ бол Монголд анх удаа сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдийн санаачилгаар мэдлэг чадвар, цаг хугацаагаа дайчлан боловсруулсан сонгогчийн боловсролын видео хичээл юм. Видео хичээлийн хөтөлбөр, зохиол, видео бичлэг, эвлүүлэг бүрийг сонсголын бэрхшээлтэй иргэд өөрсдөө хийсэн. Аливаа зүйлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиромжтой байхаар төлөвлөн боловсруулж бүтээх тусам хүн бүрт хүртээмжтэй болдог тул энэхүү цуврал видео хичээл нь зөвхөн хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдээс гадна бүх сонгогчдод хүртээмжтэй бүтээл болсон” гэж онцоллоо.
Сонгогчийн боловсролын сургагч багш, Монголын Сонсголгүй Иргэдийн Ширээний Теннисийн Холбооны тэргүүн Б.Түвшинжаргал: Эдгээр видео хичээлүүд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тулгардаг бодит бэрхшээлийг сайн, муу жишээгээр харуулснаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуулийн тухай хуулийг судалж, өөрсдөдөө ойлгомжтой болгож боловсруулан бусдадаа түгээж байгаагаа хэлэв.
Сонгогчийн боловсролын сургагч багш, Сонсголгүй Иргэдийн Мэдээлэл Харилцаа Холбоог Зохицуулах Үндэсний Төвийн тэргүүн Б.Нэмэхбаяр: Энэ видео хичээлийг дохионы хэлний орчуулгатай, үүнийгээ дэлгэцийн гуравны нэг хэмжээнд харуулж, хадмал орчуулгатай, дүрс зураг нь нийтэд хүртээмжтэй дизайнтайгаар хийгдсэн тул цаашид хэвлэл мэдээлэл, телевизээр боловсрол олгох аливаа нэвтрүүлэг, хөтөлбөрт жишиг болохуйц болсон гэж үзэж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууддаа Сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны цахим хуудсаар түгээх эдгээр хичээлийн хөтөлбөрийг цааш нь түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна.
Сонгогчийн боловсролын сургагч багш, Монгол Үндэсний Дохионы Хэлний Хөгжлийн Зөвлөл ТББ-ын тэргүүн М.Ганбаатар: Бид энэ төслөөр сонсголгүй иргэд, дохионы хэлний хэлмэрч нарт сонгогчийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэгдсэн. Төслийн баг нь Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр явуулж буй шуурхай мэдээг дохионы хэлний хэлмэрчтэй хүргэх ажлыг санаачилан Засгийн газарт санал хүргэж байсан шигээ 2020 оны сонгуулийн үр дүнг ч бас дохионы хэлмэрчтэй хүргэх саналыг СЕХ-нд хүргэхэд бидний саналыг хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийлье.
Сонгогчийн боловсролын сургагч багш, Сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Тэргүүн О.Амаржаргал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан энэ сургалтын хөтөлбөр хүүхэд залуучуудад иргэний боловсрол олгох том хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байна. Хүүхэд залуучуудад хичээлээр нь хэний ч тайлбарлаж, хэлж өгдөггүй, ирээдүйн идэвхтэй иргэн болоход бэлтгэх мэдлэгийг олгож байна гэж сайшаав.
Сонгогчийн боловсролын сургагч багш, МУБИС-ийн оюутан Б.Анужин: Би сонгогчийн боловсрол олгох энэ хичээлийг хийхэд оролцож их зүйл сурсан. Энэ жил би анхны сонгуульдаа оролцоно. Бусад залуучууддаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгогчийн боловсролын сургагч багш, 29 дүгээр сургуулийн туслах багш Б.Бямбасүрэн: Манай төслийн баг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод Сонгогчийн боловсрол олгох 6 цуврал хичээлийг боловсруулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө. Цаашид нийт сонгогчдод зориулсан санал өгөх зааварчилгаа, сонгогчийн эрх үүргийн талаар богино видеог нийтэд хүртээмжтэй байдлаар боловсруулан улс орон даяар сонгуулийн хороодод түгээх ажлыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж мэдээлэв.
Төслийн багаас УИХ-ын 2020 оны сонгуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүртээмжтэй сонгууль зохион байгуулахыг нийт иргэд, байгууллагад уриаллаа.
Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99061724, 80861711 утсаар болон pta.mongolia@gmail.com хаягаар холбогдох боломжтой.
Эх сурвалж: СЕХ