Зэвсэгт хүчинд алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан асуудалтай холбогдуулан, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг зөвлөмж болгосон тогтоолыг баталжээ. Тогтоол өнөөдрөөс /2021.04.07/ албажиж, холбогдох байгууллагуудад хүргэгдэж байгаа аж.
Тодруулбал, уг тогтоолд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай Цэргийн албаны тухай зэрэг цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх,
Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн хаагчийн эрх зүйн байдлын тухай, Цэргийн албаны тухай зэрэг цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээнд үндэслэн холбогдох хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн жинхэнэ албаны болон цэргийн бэлтгэл албаны алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгох, гэмт хэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх талаарх хуулийн төслийг боловсруулан, УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх,
Цэргийн анги байгууллага, бие бүрэлдэхүүнд хүний эрхийн сургалт хийх, соён гэгээрүүлэх, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өргөжүүлэх,
Төрийн цэргийн байгууллагуудын сахилга хариуцлагыг сайжруулах, ажлын уялдаа холбоог хангах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид зөвлөсүгэй.
Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн асуудал гарч байгааг мэдсээр байж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан хүний амь нас, эрсэдсэнтэй холбогдуулан төрийн цэргийн байгууллагын цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг хэрэгжүүлэгч Зэвсэгт хүчний жанжин шатбын удирдлагуудтай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх,
Монгол Улсын нийтлэг дүрмүүдийг хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан боловсруулах асуудлыг судлан үзэх,
Хүний эрхийн зөрчилтэй холбогдуулан мэдээлэл авах тусгай дугаарыг нээн ажиллуулахыг Хүний эрхийн үндэсний комисст даалгасугай гэжээ.
Мөн тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болгоод байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо нь өчигдөр цэргийн албанд татагдсан залуусын эрх зөрчигдөж буй асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Нээлттэй сонсголд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд, Хүний эрхийн дэд хороо, прокурор зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулт өгсөн бөгөөд эцэст нь энэхүү тогтоолыг баталжээ.