Эмэгтэйчүүдийг төлөөлдөг эрх мэдэлтнүүд хаачив

Иргэн Б.Сүндэръяагийн цахим хуудсанаа бичсэн постноос үүдэлтэй хүчирхийлэл, заналхийлэл, дарамтад өртсөн олон олон эмэгтэйчүүд олон нийтийн сүлжээнд дуу хоолойгоо илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэл, заналхийлэлд автсан 1000 гаруй эмэгтэй нэгдээд буйг иргэн Б.Сүндэръяа өчигдөр мэдэгдэж, хуулийн байгууллагад шалгуулахаар хандлаа. Энэ 1000 гаруй эмэгтэй сүүлийн 20 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэл, дарамтад өртөж байсан аж.

Эмэгтэйчүүд бэлгийн, оюун санааны хүчирхийлэлд өртсөн ч ил гаргахыг хүсдэггүй. Хүчирхийлэгчийн элдэв дарамт шахалт, нийгмийн хандлагаас айж эмээгээд ихэнх тохиолдолд нууцалдаг. Харин энэ удаа иргэн Б.Сүндэръяа шүгэл үлээж, олон олон эмэгтэйчүүдийн дуу хоолойны эхлэлийг тавилаа. Эмэгтэйчүүд Сод Монгол групп, Өргөө кинотеатрт ажиллаж байхдаа хүчирхийлэл, дарамтад өртөж байсан тухайгаа олон нийтийн сүлжээнд бичиж, хүчирхийлэлгүй нийгмийн хүсч буйгаа илэрхийлж байна.

Харин эмэгтэйчүүдийг төлөөлдөг эрх мэдэлтнүүд өнөөдрийг хүртэл таг чимээгүй байна. УИХ-ын 13 эмэгтэй гишүүний хэн ч эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар дуугарсангүй.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, П.Анужин, Д.Сарангэрэл нар нүдэн балай, чихэн дүлий байсаар байна.

Энэ хүмүүс парламентын түүхэнд хамгийн олуулаа эмэгтэйчүүдийг төлөөлж байгаа ч хүний эрхийн мэдрэмжгүй, охид, эмэгтэйчүүдийн төлөө амаа ангайдаггүй. Уг нь тэд л хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахаар, гэрч бүсгүйчүүдийн эрхийг хангахаар дуугарч байх ёстой. Ганцхан Б.Сүндэръяа гэх бүсгүйн асуудал бишийг нийгэм даяар харж байна. Монголын мянган эмэгтэйн асуудалд тэднийг төлөөлөн төрд суугаа хүмүүс нь дуугарсангүй, харамсалтай. Асуудлын эхнээс биш хойноос явбал улс төрийн нэр нүүрнээс өөрцгүйг тэд мэдэх биз ээ.

УИХ-ын 13 эмэгтэй гишүүнээс гадна Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх байгууллага мөн л таг чиг. Энэ байгууллага Монголын эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ эмэгтэйчүүдэд чиглэсэн юу хийдгийг Монголын эмэгтэйчүүд мэдэхгүй. Учир нь энэ байгууллага эмэгтэйчүүдийн төлөө дуугарч байгаагүй учраас мэдэх ёстой хүмүүс нь мэддэггүй. Уг нь энэ байгууллага эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой юм билээ.

Шаардлага гарахаар Монголын эмэгтэйчүүдийн нэрийг зарж идэхээс өөрцгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл гэх эмэгтэй Монголын эмэгтэйчүүдийн нэрийг барьж УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байлаа. Харин одоо тэр хаачив?! Хэрэгтэй цагт дуу хоолой болж чадахгүй бол юуных нь эмэгтэйчүүдийн төлөөлөл, ямар юмных нь ерөнхийлөгч байх билээ.

Монголын эмэгтэйчүүдийн нэрийг барьж төрийн сэнтий рүү явсан, явахыг хүссэн хүмүүс одоо Монголын мянган эмэгтэйд хэрэгтэй байна. Нэг бус мянгаараа хүчирхийлэлд өртсөнөө илэрхийлж, хамгаалал хүсч байна. УИХ-ын эмэгтэй гишүүд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар хэдийг хүртэл нүдэн балай, чихэн дүлий байх юм бэ?!

 

В.Бат