Ардчилсан намаас 2020 оны сонгуулийн будлианыг шалгаж тогтоотол МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ. Ардчилсан намын дарга М.Тулгат:
“2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний сонголтод луйврын аргаар нөлөөлсөн бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь ямар ч утгагүй. Тэгэхээр АН-ын зүгээс Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2020 оны сонгуульд нэр дэвшиж хохирсон улс төрийн намууд болон бие даагчдын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж энэ асуудлыг тодорхой түвшинд шийдэж тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг бид тавьж байна” гэв.
Ардчилсан намын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:
“2020 оны сонгуулийн өмнө ч тэр, орон нутгийн сонгуулийн өмнө ч тэр сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйврын аргаар явуулж байгаа гэсэн үг, яриа их гарч байсан. Ингээд сонгууль болдог. Сонгуулийн дараа олон баримтаар луйвардсан гэсэн зүйлүүд илэрч гарч ирж байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхисоор байгаад сүүлдээ төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байна” гэв.