УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү тун завгүй яваа сурагтай. Учир нь тэрээр ирэх намрын нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажилдаа оржээ. Тэрээр өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө бие даагч гишүүнээс АН-д элсэж улмаар тус намаас нэр дэвшиж өвдөг шороодсон.
Түүний хувьд өмнө нэг удаа УИХ-д бие даан нэр дэвшиж Эрдэнэт хотоос сонгогдож байсан удаатай. Тэгвэл нэг удаа итгэл үзүүлж сонгосон Эрдэнэтчүүд түүнийг дорвитой зүйл хийсэнгүй хэмээн өнгөрсөн жил дүнг нь тавиад буцаасан.
Сонгуулийн дараа хэсэг чимээгүй байсан тэрээр сүүлийн үед сошиалд нэлээд идэвхитэй байгаа. Тэрээр өдөр бүр шахуу төрийн бодлого шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлж буй.
Тэгвэл түүнийг дахин УИХ-д суух боломжийг нь намын нөхөд нь өгч тус тойрогт өрсөлдөх боломжийг олгох болов уу гэдэг нь сонин. Учир нь тэрээр МАХН одоогийн МАН-тай нэгдсэн Н.Энхбаярын намаас нэр дэвшин сонгогдож улмаар УИХ-ын гишүүн болсоныхоо дараа тус намаас гарч бие даагч болж байв.
Гэвч тэрээр өнгөрсөн жилийн сонгуулийн өмнө АН-д элсэж, УИХ-д горилж байсан хүмүүсийн өмнүүр орж өвдөг шороодсон нь олон олон ардчилагчдын дургүйцлийг төрүүлээд авсан. Тэгэхээр түүнд дахин итгэл үзүүлж нэр дэвшүүлэх эсэх нь олон олон горилогчид, дэмжигчдийн хувьд эргэлзээтэй.