Хуулийн байгууллагаар шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтыг нэгэн ресторанд үйлчлүүлж байхад нь zarig.mn сайтын сэтгүүлч очиж, шалгагдаж буй асуудлаараа тайлбар өгөхийг хүсэхэд тэрээр “Намайг шалгаагүй’ гэх үгийг хэлээд гарсан. Тухайн үед түүнтэй нэгэн эрэгтэй байсан бөгөөд тэр нь хяналтын прокурор Г.Батбаяр байсан байна.
Хууль шүүхийнхэнтэй уулзаж хэрэг наймаалцдаг гэх асуудалд холбогдоод байсан өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан тул хяналтын прокурор Г.Батбаярыг ажлаас нь чөлөөлж Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн гэж УЕПГ-аас мэдээллээ.
Прокурор Г.Батбаяр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн прокурор гэх мэдээлэл байна.
Уг өмгөөлөгчтэй хөл хорионы үеэр хамт байсан шүүгч, АТГ-ын ажилтан бүгд ажлаасаа халагдан шалгагдаж байгаа бөгөөд одоо дахин нэг прокурор ажлаасаа чөлөөлөгдөн шалгагдаж эхэлжээ. Энэ нь магадгүй хууль хяналтын байгууллагынхан хэрэг наймаалцдаг гэдгийг батлах баримт ч болж магадгүй бололтой.