Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас өнөөдөр Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа болон гишүүн орнуудын 15 улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид болон Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид болон гишүүн орнуудын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, иргэд олон нийт оролцож байна.
Европын холбооны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “Европын холбоо болон Монгол Улс өнгөрсөн 30 жилд урт замыг туулжээ. 1989 онд талууд анх дипломат харилцаа тогтоож байхад Европын холбоо нь нэг зах зээлгүй, нийтлэг мөнгөн тэмдэгтгүй, нэгдсэн гадаад бодлогогүй жижигхэн холбоо байсан. Монгол Улс ч ардчилсан нийгэмд шилжихээр шинэ замын эхэнд зогсож байлаа. Харин одоо талуудын ижил суурь зарчимтайн дээр илүү бат бөх суурь бүхий түншлэлийг тогтоож чаджээ. Хэдийгээр газар нутаг нь алс хол боловч Европын холбоо нь Монгол Улсын гурав дахь хамгийн том худалдааны түнш юм. Жилийн өмнө миний бие Европын холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдож ирсний хувьд шүүх, эрх зүйн тогтолцоо болон төрийн албаны шинэчлэлийг тууштай дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, уул уурхайн салбарын орлогоор илүү хүртээмжтэй өсөлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлнэ” хэмээн арга хэмжээг нээхдээ онцлон хэлсэн.
Өдөрлөгийн үеэр Европын холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, гишүүн орнуудад суралцах, аялах боломжийн талаар болон шенгений виз хэрхэн авах тухай дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна үндэсний хоол, амттанаар дайлуулах, урлагийн тоглолт үзэх гээд иргэд, олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ болж байгаа юм. Мөн Европын холбооны санхүүжилтээр манай улсад хэрэгжиж буй 20 гаруй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ Европын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэхүү арга хэмжээний нээлтийн үеэр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 64.7 хувь, аж ахуй эрхлэгчдийн 67.4 хувь нь оршин сууж үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс өнөөдөр “Европын нээлттэй өдөрлөг”-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь чухал ач холбогдолтой, өндөр үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байна. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог “Гуравдагч хөрш” хэмээн тунхагласан байдаг. Энэ хүрээнд Европын холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа боломжит бүхий л салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Тухайлбал, Европын холбооны гишүүн орнуудын Элчин сайд нарын уулзалтыг 2009 оноос хойш Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн үе үеийн удирдлага та бүхэнтэй хамтран ажиллахдаа хэзээд баяртай байдаг. 2017 онд Европын холбооны Төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан нь талуудын харилцааг шинэ шатанд гаргаж, илүү олон салбарт, илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.