Ирэх 2020 онд ашиглалтад орох “Мөсөн өргөө” спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа.
“Мөсөн өргөө” спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2600 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан явагдах аж. Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно гэдгийг барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагууд Ерөнхийлөгч болон бусад албаныханд танилцуулсан юм.
Барилга угсралтын ажил 2020 оны долдугаар сард дуусах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэдгээ гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл ярьж байлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс