Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашинаар халдваргүйтгэлийг хийж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс орчны халдваргүйтгэлийг эхэлсэн. Орчны халдваргүйтгэл эхэлснээс хойш 36 томоохон зах, худалдааны төв, 32 эмнэлэг, 178 цэцэрлэгт, 48 ерөнхий боловсролын болоод их, дээд сургуулийг хамруулан ариутгаад байна.
Нийслэлийн Хот тохижилтын газрын харьяанд мананцар үүсгэгч, найман тонны багтаамжтай таван машин байдаг. Энэ удаагийн халдваргүйтгэлд дөрвөн машин ашиглаж, хувийн хэвшлийн байгууллагаас дөрвөн тонны багтаамжтай хоёр машин нэмэлтээр ажиллуулж байгаа юм.
Манай улсад клорсепт 17, жавельон, гипохлорит кальци болон просон гэх бодисуудыг халдваргүйтгэлд хэрэглэдэг. Энэ удаагийн халдваргүйтгэлд Англид үйлдвэрлэсэн просон хэмээх бодисыг хэрэглэж байгаа бөгөөд найман тонн усанд зургаан сав бодис хийн найруулдаг аж. Эдгээр ариутгалын бодис нь хүрээлэн буй орчин, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг ариутгалын ажлыг хийж буй “Түвшинбилэг төгөлдөр” ХХК-ийн биологич Ү.Алтаншагай онцолж байв.
Түүнчлэн “Сар гаруйн хугацаанд дахин дахин хийх тус халдваргүйтгэлд 2800 орчим сав халдваргүйтгэлийн бодис хэрэглэх тооцоо гарсан. Нийслэлийн хэмжээнд бодисын нөөц хангалттай бий” хэмээн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгийн захирал А.Нямдорж хэллээ.
Халдваргүйтгэлийн ажилтай зэрэгцэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын цэвэрлэгээ, угаалга, ариутгалын ажлыг хийж эхэлсэн. Хуваарийн дагуу хариуцсан ариутгалын компаниуд цэвэрлэгээ, ариутгалыг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс