АН-ын дарга асан Эрдэний хүү Одбаярыг өчигдөр 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Ингэхдээ прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн юм. Тэгвэл өнөөдөр/2021.10.07/-өөс тэрээр өлсөглөн зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хоригдсон цагаасаа хорих ангийн хоолыг идэхгүй байсан бөгөөд 30 хоног хорих шийдвэр гарсаны дараа албан ёсоор өлсгөлөн зарлаж эхэлсэн байна.
Тэрээр Сүхбаатарын талбайд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн суулт хийгээд байсан юм. Улмаар Э.Одбаяр, Д.Монголхүү нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, түр саатуулаад гаргасан. Улмаар Д.Монголхүүг цагдаагийн ажилтны биед халдсан хамээн дахин баривчлах үед тэрбээр ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид очиж баривчлаад байсан иргэн Д.Монголхүүг авч зугтсан билээ. Энэ нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “…дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй …байх талаар үүрэг хүлээж…” 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.