Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж байна. 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх юм. Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог.
Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлдсэн. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий. Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд санууллаа. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгосон юм.
Мөн Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчлэх ажил хийж байна.