“Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй’ гэж мэдэгдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй нээлттэй тендер шалгаруулалт хууль бус явагдсан, ерөнхий шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулсан гэсэн мэдээлэл 2021 оны 10-р сарын 25-ны өдөр “Өдрийн сонин” болон зарим сайтад нийтлэгдэж, сошиал сүлжээнд зохион байгуулалттайгаар түгээж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой ордод түшиглэсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу 2021 оны III дугаар улиралд багтаан эхлүүлж, 2023 онд ашиглалтад оруулахаар дунд хугацааны төлөвлөгөөндөө тусгасан.

2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тендер шалгаруулалтыг нээхэд “Жунгмэй Инженеринг Групп”, “Норинко Интернэйшнл” болон “Пауэр Констракшн Корпорэйшн оф Чайна, Бээжин Гуохуа Техноложи Групп”–ийн түншлэл, “Синостийл МИКК, Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэл нарын дөрвөн оролцогч тендерийн баримт бичиг ирүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4 дэх заалтад зааснаар “Синостийл МИКК”, “Бээжин Хуаюу Инженеринг” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ, FEED боловсруулсан “Чайна Металлуржикал Инженеринг” компанитай “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь нэгдмэл сонирхолтой талаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа.

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн 13.1 (ж) 8-т зааснаар “НБҮ-ийн зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолгүй” болохоо мэдэгдсэн албан мэдэгдлийг тендерт оролцогчид бүгд ирүүлж, ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хараат бус үнэлгээний хороо тендерийг үнэлсэн байна.

Гэсэн хэдий ч  хэвлэлээр ийм мэдээлэл гарсан, мөн “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп”-ийн албан ёсны цахим сайтын Holding Companies & Joint Ventures цэсэнд “Чайна Металлуржикал Инженеринг” гэсэн компанийн нэр байгаа  талаар тодруулга хүссэн албан бичгийг өнөөдөр дахин хүргүүлж, албан ёсны хариу авсан болно. Энэхүү албан бичигт дурьдсанаар “Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп” нь  100 хувь төрийн өмчит компани бөгөөд “Чайна Металлуржикал Инженеринг“ ХХК-тай нэгдмэл сонирхолгүй болохыг мэдэгдье” гэсэн байна.

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ХМОНХХ