Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд, доод танхимын дарга нарын урилгаар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, онцлох ажлуудын талаар хэлэлцэн шийдвэрлэж байна.
Цар тахлын үеийн зарим нөлөөллийг тооцоолж, төслийн хэрэгжилтийг төлөвлөгөөний дагуу саадгүй урагшлуулахын тулд улам нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгтэй ноён Рам Чандра санал нэг байв. Манай Улс уг төсөлд онцгой анхаарал хандуулан, УИХ-аас 2021 оны нэгдүгээр сард “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль”, Засгийн газраас 2021 оны наймдугаар сард “Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг тус тус баталсан. Одоогоор үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажил дуусч, өнгөрсөн нэгдүгээр сараас технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн гэдгийг танилцууллаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэхээс гадна валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, дагалдах ажлын байр, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих юм.