Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг 6 сараас 8 жилийн хугацаатай хасчээ

Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 06-ны өдөр болж, допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан дараах бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргажээ.

Үүнд,

– Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр,

– Допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр,

– Ёс зүйн зөрчил гаргасан Аймгийн харцага Ж.Дэлгэрсайханыг нэг жилээр /давтан үйлдэл/,

– Сумын заан Ё.Гантулга, Сумын заан О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар тус тус хасахаар болжээ.

Мөн тус хуралдаанаар МҮБХны дүрмийн 11.28-д заасны дагуу Улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр баталсан байна.