НГЗБА: Нийслэлийн 26 байршилд газрын цахим дуудлага худалдаа явагдаж байна

Нийслэлийн 29 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа явуулахаар төлөвлөснийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба мэдээллээ.


Үүнээс гурван байршил нь цуцлагдаж, 26 байршилд дуудлага худалдаа Газрын биржийн цахим системээр зохион байгуулж байна. Эдгээр дуудлага худалдаанаас нийт 88.8 сая төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

 

Харин үүнээс өмнө энэ онд нийт найман удаагийн газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулж, нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байгааг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдээлээд байна. 2021 оны төлөвлөгөөнд газрын дуудлага худалдаанаас нийт 1.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.


Энэ оны III улирлын байдлаар нийслэлд үйлдвэрлэл, аж ахуйн зориулалттай газрын дундаж үнэ 222.4 мянган төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35 хувиар өсжээ. Харин гэр бүлийн зориулалттай газрын нэг метр квадратын дундаж үнэ 67.1 мянган төгрөг болж, мөн адил 35 хувиар өсжээ.

Мөн зуслангийн зориулалттай газрын метр квадратын дундаж үнэ 29.6 мянган төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч” мэдээллээ.