Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 15-ны өдөр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн очсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг олон улсын “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авсан юм.
Тусгай үүргийн онгоцоор Москвад хүрэлцэн очсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.16/ албан ёсоор эхэлнэ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Кремлийн ордонд уулзаж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, албан ёсны хэлэлцээ хийх аж.
Айлчлалын үеэр мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.