УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.12.21) ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзаж, коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, болзошгүй эрсдэл, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэхэд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зүгээс мөнгөн болон мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд цар тахлын шинэ мутац болох Омикрон хувилбар эрчимтэй тархаж байгаа нь олон улсын санааг зовоож байгааг УИХ-ын дарга хэллээ.
ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулах, Омикроны халдвартай орнуудаас ирж буй зорчигчдод 4 хоногийн дотор 3-4 удаа шинжилгээ хийх нь зүйтэй гэж бодож байна.
Талууд Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын ээлжит уулзалтын зохион байгуулалт, оролцооны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.