МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гарагт хуралдаж Ковидын хуулийг зургаан сараар сунгах шийдвэр гаргасан. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө Ковидын хуулийн хэрэгжилтийг сунгахаар санал нэгдсэн ч тог цахилгааны мөнгийг төр даах болон ипотекийн зээл төлөлтийн хугацааг сунгах эсэхийг ЗГ шийднэ гэх мэдээллийг өгсөн билээ.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор баталсан.
Тэгвэл ЗГ-ын ээлжит хуралдаан 8 цагт эхэлсэн бөгөөд Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж.