УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-УОК-ын 2022 оны нэгдүгээр хуралдаан боллоо. Өчигдөр Эрүүл мэндийн сайд албан ёсоор омикрон хувилбарын тохиолдол бүртгэгдсэнийг хэлсэн. Бид шийдвэр гаргалаа. УОК, Засгийн газар хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Ийм шийдвэр өнөөдөр гараагүй. Вакцины бүрэн тунд 66.2 хувь хүн, дөрөвдүгээр тунд 28.8 хувь хамрагдаад байна.
Томуу, томуу төст өвчний халдвар өндөр байна. Мөн омикрон хувилбарын дэгдэлт эхэлж байна. Халдварын дөрөв дэх давалгаа эхэлж байна. Нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед халдварын оргил үе тохионо гэж байна. Өдөрт дээд талдаа 20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байна. Омикрон хувилбарт вакцин үйлчилж байгаа нь тодорхой болсон.
Иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна. Өндөр настан болон бага настны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хувьд эрсдэлтэй байгаа.
Мөн байгууллагууд арга хэмжээ зохион байгуулахгүй, халдвар гарсан нөхцөлд хүний нөөцийн хомсдолд орохгүйн тулд ээлжээр, зайнаас ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Халдварын тохиолдол огцом өсч, зарим улсуудад өдөрт 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Гэрийн эмчилгээ, өрхийн эмчилгээг сайжруулах талаар холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:
-Өнөөдрийн байдлаар тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. 2021 оны сүүлийн долоо хоногийг 2022 оны эхний долоо хоногтой харьцуулахад тохиолдлын тоо дөрөв дахин өссөн. Орны ачаалал нэмэгдэж байна. Хүлээлт үүсч байна. Нэгдсэн ор зохицуулах баг байгуулсан.
Эрсдэлд өртөмтгэй өндөр настнууд, хавсарсан эмгэгтэй, вакцинд хамрагдаагүй, жирэмсэн эхчүүд, 0-5 насны хүүхдүүдэд түрүүлж, үйлчилж байгаа. Өнөөдрийн байдлаар дөрвөн мянган ор бэлдсэн. Цаашдаа 2000 ор бэлдэнэ.
Бид 42 хоногийн хугацаатай эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан. 120 гаруй нислэгээр 12 мянган гаруй иргэдийг хүлээн авахад 600 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн.
Тусгаарлан ажиглах байранд 4500 гаруй иргэнийг тусгаарлахад 155 эерэг тохиолдол илэрсэн. 4-5 хувийн эерэг илрүүлэлтийн хувьтай байсан. Нийт 32 мянга гаруй тохиолдол илэрсэн.
Бид энэхүү арга хэмжээний ачаар халдварын тархалтыг харьцангуй барьж байна. Зөөвөрлөгдсөнөөс илүү дотоодын халдварын тоо ихэслээ. Хоёр нислэг тутмын нэгээс зөөвөрлөгдсөн тохиолдол илэрсэн. 244 энхийн сахиулагчдаас 231 нь халдвартай байсан. Омикрон 90 хувь халдварлах боломжтой байна. Бид энэ хурдыг бууруулсан. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ үр дүнтэй байсан. Одоо дараагийн арга хэмжээгээ ярилцаж байна.