Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг бүхий” ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ.
Цар тахлын нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ачаа барааг тасалдуулахгүй явуулахын тулд хоёр улсын хилийн дунд “0” цэг байгуулж, чингэлэг тээврээр ачаа барааг оруулж ирэхээр болсон юм. Улмаар чингэлэг тээврийг түр хугацаагаар зогсоогоод байсан ч Монголын талаас төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын алба хаагч, жолооч нарыг тусгаарлан, халдвар хамааллын өндөр дэглэм дор ачаа тээврийн үйл ажиллагааг ажиллуулна.
Цагдаа, Хилийн цэрэг, Онцгой байдлын ахлагч болон түүнээс ахлах цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж, хилийн хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаа, бараа тээвэрлэх үйл ажиллагаа явагдах юм.
Эх сурвалж: Шадар сайдын Хэвлэлийн алба