Яам, агентлаг, ЗДТГ-ын шударга байдлын үнэлгээ өмнөхөөс буурчээ

Авлигатай тэмцэх газар жил бүр “Шударга байдлын үнэлгээ”-г гаргадаг. Шударга байдлын үнэлгээ гэдэг нь тухайн байгууллагын гадаад шударга байдлын үнэлгээ, дотоод шударга байдлын үнэлгээ, бодлогод оролцогчдын үнэлгээ, авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээнд үндэслэсэн нийт үнэлгээг хэлнэ.

 

Анх 2009 оноос “Авлигын индекс” нэрээр анх төрийн байгууллагын шударга байдлын түвшинг тодорхойлох судалгааг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж эхэлсэн. Дараа нь судалгааны аргачлалаа өөрчилж “Шударга байдлын үнэлгээ” гэдгээр 2021 онд тав дахь удаагаа хийв.

 

Шударга ёсыг бэхжүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигыг таслан зогсоох болон төрийн байгууллагаас авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг суурь мэдээллээр хангах, тухайн байгууллагын үнэлгээг нэмэгдүүлэхэд зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох, үнэлгээний үр дүн олон нийтэд мэдээлэх замаар төрийн байгууллагын зүгээс үнэлгээний үр дүнг сайжруулах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, авлигыг бууруулах санал, санаачилга өрнүүлэх эрмэлзлийг бий болгох нь “Шударга байдлын үнэлгээ”-ний гол зорилтууд юм.

 

Судалгааг зохион байгуулахдаа гурван төрлийн төсөөллийн судалгаа авдаг. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлээд гарсан хүнээс асуулга авах бөгөөд үүнийг гадаад шударга байдлын үнэлгээ гэж нэрлэдэг. Мөн тухайн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас авах судалгааг дотоод шударга байдлын үнэлгээ гэнэ. Гуравдугаарт, тухайн төрийн байгууллагын талаар судалгаа хийдэг, бодлогын шинжтэй шийдвэр гаргахад оролцдог шинжээчдийн үнэлгээг авдаг байна. Энэ нь бодлогод оролцогчдын үнэлгээ болно. Шинжээчид илүү томоор харж үнэлгээ өгдөг. Үйлчлүүлж байгаа иргэд өөрийнхөө үйлчлүүлсэн үеийн сэтгэгдлээр үнэлгээ өгдөг бол тухайн байгууллагын албан хаагчид ажилтан гэсэн өнцгөөсөө харж үнэлгээ өгдөг байна. Харин бодлогод оролцогчид дээрээс нь, эсвэл хөндлөнгөөс харж, ямар нэгэн ашиг сонирхолгүйгээр үнэлгээ өгдөг. Эдгээр гурван үнэлгээг нийлүүлж дүгнэснээр улсын хэмжээнд бүх төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний жагсаалтыг гаргадаг юм.

 

Шударга байдлын үнэлгээг 0-100 хүртэлх оноогоор гаргах бөгөөд үнэлгээний утга 100-тай тэнцүү бол хамгийн шударгыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, оноо бага бол авлигын эрсдэл өндөр, шударга байдлын түвшин нь тааруу гэсэн үг.

 

Шударга байдлын үнэлгээгээр хамгийн бага оноо авсан байгууллагуудад АТГ-аас “Авлигын эрсдэлийн үнэлгээ” хийнэ. Яагаад ийм муу үнэлгээ авав, эрсдэл нь яг хаана байгааг илүү нарийвчилсан судалгаагаар тогтооно. Түүний дараа авлигаас урьдчилан сэргийлэх, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг тухайн байгууллагад зохион байгуулна.

 

2021 оны судалгааны дүнгээр яамдын үнэлгээ 0.4 пунктээр, агентлагуудын үнэлгээ 1.3 пунктээр, Засаг даргын Тамгын газруудын үнэлгээ 1.8 пунктээр тус тус буурсан байна.

 

Шударга байдлын үнэлгээ, оноор

 

 

 

Эх сурвалж: АТГ