Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Үүний дагуу  Сангийн яам судалгаа хийж, Засгийн газар тодорхой шийдвэр гаргахаар болсон. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08:30 цагаас зарлагдсан байна.

Үүний дараа үдээс хойш Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэл, инфляцийн өсөлт нь бага орлоготой иргэдэд дарамт учруулж буй юм. Ялангуяа зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврээрээ амьдардаг иргэдэд эдийн засгийн хүндрэл хүндээр тусч байгаа учраас энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар иргэд төрийн шат шатны байгууллага болон хэвлэл мэдээллээр хэлж байсан.

Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сангийн сайд Б.Жавхланд тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломж бий эсэхийг судлах үүрэг өгсөн. Гэвч тэрээр хүүхдийн мөнгийг хасч байж тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжтой  хэмээн ЗГ-ын хуралдааны дараа мэдээллэж байсан ч үнийн өсөлтөөс үүдэн нэмэх шаардлага үүсэн тул өнөөдөр ЗГ тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн яаж нэмэгдүүлэх талаар тодорхой шийдвэр гаргаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна.

Д.Гэрэлээ