Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн тэмцээн “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болж байна. Өчигдөр VII наадмын өвлийн төрлийн нээлтийн ёслол болж мөсөн шагай, мөсний сур харвааны тамирчдын тэмцээнээр эхэллээ.
Энэ удаагийн наадмын мөсний шагайн харвааны төрөлд 12 аймаг, есөн дүүргийн 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин, нийт 426 харваач цэц сорьж байна
Шагайн харваанд дархан мэргэн хоёр, хошой мэргэн гурав, улсын мэргэн 30, спортын мастер цолтой 20 гаруй тамирчин байна. Харин мөсний сур харваанд багийн болон цуваа харваагаар өрсөлдөж байгаа бөгөөд улсын мэргэн 5, спортын мастер цолтой 48 харваач байна.
Өнөөдөр цуваа харваа болж буй бөгөөд амралтын өдрүүдэд багийн харвааны медальт тамирчид тодрох юм. Наадмын үйл ажиллагааг нээж, БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр: “Монголын үндэсний спортын VII наадам нь үндэсний уламжлалт спортын төрлүүдийг хөгжүүлэх, хамгаалах, уламжлалт тоглоом наадгайн зан үйл, үндэстний ёс заншил, соёлын өвийг өсвөр залуу үеийнхэнд өвлүүлэх, сурталчлах ач холбогдолтой” хэмээн онцлов.
Тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Спортын төв ордноос 8.00, 10.00, 14.00, 15.00 цагуудад хөдлөх бол “Асем Вила”-гаас 11.00, 12.00, 16.00, 18.00 цагуудад хөдлөх юм байна.