НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш ням гарагт болно. Тохирлын нэвтрүүлэг “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Энэ сарын сугалаанд энэ оны нэгдүгээр сарын 1-31-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийж И-баримт системд бүртгүүлсэн НӨАТ-ын төлбөрийн баримтууд хамрагдана.
Иймд иргэдийг дээрх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр, хоёрдугаар сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг Татварын байгууллагаас мэдээлж байна. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн сугалааны тохирлын супер азын шагнал нь 10 сая төгрөг юм.