НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ БОЛЛОО

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харьяа Цэргийн төрөлжсөн “Тэмүүжин Өрлөг” дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч Д.Хүчитбаатар хүү хоёрдугаар сарын 15-нд Гачуурт чиглэлд зорчигч тээвэрлэж байсан автобусанд гарсан галыг унтрааж, жолооч эмэгтэйд туслан зорчигчдыг гаргажээ.

Тус сургуулийн захиргаанаас “Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын ‘Тэмүүжин Өрлөг` сургуулийн Г.Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатарт сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье” гэжээ.

Тэгвэл өнөөдөр түүнийг НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ-аар шагнаж байна. Мөн н.Бат-Эрдэнэ захиралтай Цэргийн төрөлжсөн ‘Тэмүүжин Өрлөг` сургуулийг Монголын Сурагчдын холбооноос `Хүүхдэд ээлтэй сургууль`-иар өргөмжиллөө.

Нийслэлийн Тэргүүний Сурагч Д.Хүчитбаатар: Маш их догдолж, маш их баярлаж байна. Явж байхад гэнэт бүх гэрэл нь унтараад зогссон. Тэр үед бүх хүмүүс сандралдан хаалгаар гарах гэж гүйлдэж байсан. Эхлээд ахмад настай хүмүүс, хүүхдүүдийг гаргаад өөрөө хамгийн сүүлд бууж гал газар авахгүй байх тал дээр жолооч эгчтэй хамт арга хэмжээ авсан. 
Тухайн үед гал унтрах тал руугаа ороход нь санаа амарч сэтгэл уужирсан. Өнгөрсөн хагассайн өдрөөс эхлээд нийгмийн сүлжээнд миний талаар мэдээлэл гарч эхэлсэн. Хүмүүсийн эерэг сэтгэгдлүүдийг хараад маш их баярлаж урам зориг авсан. Би 53 дугаар сургуульд сурч байгаад багаасаа цэргийн хүн болох хүсэлтэй байсан болохоор гурван жилийн өмнө `Тэмүүжин Өрлөг` сургуульд элсэн орж суралцаж байна. 

Монголын нийт сурагчдын нэрийн өмнөөс баатарлаг үйлс бүтээсэн сурагч Д.Хүчитбаатартаа халуун баяр хүргэе.

Т.Түвшин