Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. Өнөөдөр (2022.03.11) дөрөв дэх сургалтыг Монголбанктай хамтран сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.
Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй цуврал сургалтын эхнийхийг Монголбанктай хамтран макро эдийн засгийн сэдвээр, хоёр дахь сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хүний эрхийн сэдвээр гурав дахь сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан юм.
\Өнөөдрийн сургалтыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, тус банк Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сургалтад оролцож, “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрбээр нийгэм, эдийн засгийн гол тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн саналыг сонсон, харилцан яриагаар мэдээллээ эхлүүллээ. Энэ үеэрээ өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал эдийн засаг дагаж унадаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн талаар эдийн засгийн бодит тоон үзүүлэлт, мэдээлэл дээр үндэслэсэн жишээ татаж хөндөхийн зэрэгцээ энэхүү чөтгөрийн тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан.
Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон үйлдвэржилтийн бодлого болон орлогын шаталсан татварын тогтолцоо байж болох талаар мэдээлэл, саналаа хуваалцав. Орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ орлогын шаталсан татварын талаар санал бодлоо хэлсэн нь нийгэмд янз бүрийн маргаан өрнүүлж буйг тэрбээр тэмдэглэж, энэ нь Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй асуудал бус хувь хүний итгэл үнэмшил нь гэдгийг тодотгосон.
Орлогын шаталсан татвар гэдэгт татварын асуудлыг бүхэлд нь хамааруулан ойлгох боломжгүй. Хөдөлмөрлөж олсон орлого бус мөнгө хүүлэлт буюу шударга бусаар олсон орлогын татвар, тансаг хэрэглээний татвар, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бүтээгдэхүүнд бий болгох татвар зэрэг тогтолцоо байж болохыг тэмдэглэхийн зэрэгцээ орлогын шаталсан татварын тогтолцоотой улс орнууд харьцангуй тэгш нийгэмтэй байдгийг тэрбээр мэдээлэлдээ онцолж байсан юм. Улсын Их Хурлын даргын илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авахдаа орлогын шаталсан татварын тогтолцооны талаар түлхүү тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтад бодлогын шийдвэр гаргагчдаас гадна хөндлөнгийн судлаач, эдийн засагчид оролцож, мөн л орлогын шаталсан татварын тогтолцооны талаар санал, байр сууриа хуваалцлаа. Судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Д.Ангар нар татварт баригддаггүй орлогуудыг нээн илрүүлэх, шударга бус зарчмаар олсон орлогыг хамруулах, орлого, хуримтлалын эрс ялгааг арилгахад чиглэсэн татвар зэрэг орлогын шаталсан татварын тогтолцоог хэрхэн зөв нэвтрүүлж болох талаар мэдээллээ хуваалцсан.
Төгсгөлд нь Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг дахь гадаад валютын нөөц, валютын ханшийн үүрэг” сэдвээр мэдээлэл өгөв. Тэрбээр валютын нөөц, нөөц бүрдүүлэлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийг хуваалцсанаар сэтгүүлчид валютын ханшийн өсөлт хийгээд орлогын шаталсан татварын тогтолцоо ямар байвал зөв болох талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулж хариулт авсан.
Сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хариулт өгч, харилцан ярилцсанаар ээлжит сургалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.