Замын-Үүдийн боомтод чингэлэг тээвэр солилцох талбайг өргөтгөж, ачаа тээврийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэв. Эрээн-Замын-Үүдийн боомтод гурван сар саатсан ачааг өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нээс чингэлэг тээврээр татан авч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор тээвэрчдийн төлөөлөл холбогдох яам болон мэргэжилтнүүдэд шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл тээвэрчдийн тавьж буй задгай тээвэр явуулах нөхцөл бүрдээгүй байгааг учирласан. Харин зам, барилга, уул уурхайн овор хэмжээ ихтэй ачаа барааг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх үүднээс талууд чингэлэг солилцох талбайгаа өргөтгөж, чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Энэ сарын 13-ны байдлаар 2531 автомашинаар 3221 чингэлэг бүхий 60.6 мянган тонн ачаа бараа буюу 84.2 сая ам.долларын тээвэрлэлт хийсэн байна.
Чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг ирэх сард талууд нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Монголын тал Замын-Үүд-Эрээн боомтын хилийн шугам дээрх чингэлгийн талбайг өөрийн талдаа 247мх35м, 247мх33м, 247мх32м хэмжээтэй гурван хэсэг талбай буюу нийт 24 мянга 700 ам метр талбайг хатуу хучилттай болгож өргөтгөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
Ингэснээр Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх чингэлгийн тоо 2-3 дахин нэмэгдэж, овор хэмжээ ихтэй ачаа барааг саадгүй татан авах нөхцөл бүрдэх юм.
Мөн Замын-Үүд боомтоор тээвэр хийдэг байсан жолооч, тээвэрчид зөвхөн чингэлгээр тээвэр хийхийг эсэргүүцэн, чингэлэгтэй зэрэгцүүлэн хилийн бүсэд автомашин сольж тээвэрлэлт явуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага тавиад буй. Шадар сайдын хувьд энэ сарын 14-ний өдөр жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Тухайн үед Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашаанд тусгаарлах байр байгуулж, тээвэрлэлт хийх 50 жолоочийг тусгаарлан, чөлөөт бүсээс хилийн шугам хүртэл явуулахыг хүссэн. Хилийн шугам дээрх талбайгаас хилийн хаалт хүртэл Эрээн боомтоор нэвтрэх болон импортын ачаатай орж ирсэн автомашиныг жолоодох боломж нөхцөл бүрдүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу энэ асуудлыг Хятадын талд уламжлахаар болжээ. Ямартай ч ирэх сард чингэлэг тээврийн тоог 2-3 дахин нэмэх аж.