Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр 9.30 цагт эхэлсэн. Хуралдаанаар иргэн Т-ийн гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан маргаан үүсгэснийг хэлэлцэнэ. Хуралдаан эхлэхэд талууд хуралдааныг нээлттэй хэлэлцэх хүсэлт гаргасан ч хаалттай хэлэлцэх шийдвэр гарчээ.
Иргэн Т нь 2019 оны арванхоёрдугаар сард Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын гаргасан шийдвэрт 2020 оны нэгдүгээр сард гомдол гаргаж, тухайн үеийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн ажлын албаараа дамжуулан 2020 оны гуравдугаар сард хариу өгсөн байдаг аж. Иргэн Т үүнд дахин гомдол гаргахад Дээд шүүхийн Тамгын газрын дарга ингэж шийджээ гэх лавлагааг нь өгсөн байдаг гэнэ. Гэвч иргэн Т ҮХЦ-д ханджээ.
Хэрэв иргэн Т-гийн гаргасан гомдлоор Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэвэл 2006 оноос хойш үе үеийн Ерөнхий шүүгч нарын ажлын албаараа дамжуулж өгсөн бүх хариу хүчингүй болох уу гэсэн асуудал гарах бололтой. Ийм тохиолдолд энэ асуудлаар өмнөх Ерөнхий шүүгч нарт маргаан үүсгэхээс татгалзаж байсан Цэцийн гишүүдийн бүх тогтоол бас хууль бус болж ч магадгүй гэнэ.
Иргэн Т-ийн гомдлын дагуу Цэцийн хуралдаанаар шүүх эрх мэдлийн дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгч орж байгаа нь анхны тохиолдол аж. Мөн цэцийн дарга тэтгэврийн нас болсон гэх шийдвэр нь буруу хэмээн гомдол гаргаад байгаа билээ.
Өнгөрсөн долоо УИХ-ын чуулганы хуралдаанаар хүртэл яригдсан нэг сэдэв бол Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэр гарах нас болсон асуудал байв. Гэвч тэрээр тэтгэвэрт гарахгүй хэмээн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт маргаан үүсгэсэн нь олны анхаарал татаад байна. Түүнийг тэтгэвэрт гаргах асуудлыг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр. Гэвч цэцийн дарга Ерөнхий шүүгчийг буруу шийдвэр гаргаж байна хэмээн ҮХЦ-дээ гомдол гаргаад буй юм.
Хаалттай хуралдааны шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно.