УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэлтүмэн хишиг” компани Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүйг хэвлэлийнхэн ил болгосон.
Тэгвэл тэрбээр өөрийн твиттертээ “Сумъяа бид хоёр үеийн сайхан аваргууд. Би ХБ-аас зээл тууцан чинь барьж идэх гэж байгаа мөртлөө МБ-наас зээл туучихсан Сумъяаг бараг долоогоош. Энэ дабль стандарт уу. Сумъяа хөгшөөн маргааш МБ-наас авсан 14 тэрбумын зээлийн хугацаа чинь дуусах юм байна шүү. Өртэй байх муухай шүү дээ” хэмээн жиргэсэн байна.
Хотын дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий хэмээн нэрлэгдээд буй Үндэсний хөрөнгө оруулалтын банк Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг буцаан төлж чадахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байв.
Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Улс төрийн олз, хонжоо хайж намайг ийнхүү харлуулж байгаад Хотын дарга, Нийслэлийн МАН-ын даргын хувьд маш их харамсч байна. Би Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд сангуудаас авсан мөнгөө богино хугацаанд төлөх үүрэг даалгавар өгсөн байгаа. Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар” хэмээн хэлж байв. Гэвч дээрх мөнгөө Монголбанкнаас зээл авч төлсөн гэдгийг мөн л Ч.Хүрэлбаатар ил болгосон билээ. Тэгвэл тус зээлийн эргэн төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуус буй аж.
А.Сүхбатын хамаарал бүхий дээрх компани өмнө нь ЖДҮ-ийг дэмжих сангаас 800 сая төгрөг авсан нь мөн ил болж байсан билээ.
МАН-ын хяналтын хороо хуралдаж нэр бүхий гишүүд болон гишүүн асан нарыг өөрсдийн хүсэлтээр шалгуулах мэдэгдлийг хүргүүлсэн гэдгийг өнөөдөр намын ЕНБД Д.Амарбаясгалан мэдээллэсэн. Эдгээр есөн хүний нэрс дотор А.Сүхбатын нэр дурьдагдсан байв.
Д.Гэрэлээ