Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Миний бие цагдаагийн байгууллагын удирдлагуудад үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулж буй залуусын аюулгүй байдлыг хангах үүрэг, чиглэл өгсөн. Ардчилсан оронд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байх ёстой. Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийн талаар бухимдлаа илэрхийлэх эрх нь ч нээлттэй байх ёстой. Тэр утгаараа жагсч буй залууст бид хүндэтгэлтэй хандаж байна. Миний бие 18.00 цагийн орчимд залуусын шаардлагаар төрийн ордны баруун хаалган дээр гарч ирж, тэдний тавьж буй шаардлагыг хүлээж авсан. Залуус долоон шаардлага тавьсан.
Уг долоон шаардлагын талаар Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд захирамж гаргаж, ажлын хэсгийг өөрөө ахалж ажилла, асуудал тавьсан сайд бүрийг ажлын хэсэгт оруул гэдэг үүрэг чиглэл өгсөн. Эхний байдлаар сайд нартай холбогдоход тэд шаардлагын дагуу хариу өгөхөөр бэлдэн ажиллаж буйг хэлэхийг хүсч байна.
Үзэл бодлоо илэрхийлж, улс төрийн эрх чөлөөгөө эдлэх нь зөв. Гэхдээ төрийн ордны хаалгыг эвдэж оръё, Үндсэн хуулийн бус замаар засаг төрийн эрхийг өөрчилье гэдэг буруу шүү. Цагдаагийн байгууллагын удирдлагыг дуудаж уулзлаа. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн залуус мэр сэр оролцож байгаа гэсэн мэдээлэл авлаа. Энэ бол буруу байна. Залуус үнийн өсөлттэй холбоотой асуудлыг тавьсан. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал үүсээд хоёр жил болж байна. Инфляци бусад улс орнуудад урьд хожид байгаагүй явагдаж байна. Ложистикийн үнэ хөлс дэлхий дахинд долоо дахин нэмэгдсэн. Мөн ОХУ, Украины асуудлаас үүдэж манай зах зээлд гүнзгий мэдэгдэж байна. Засгийн газраас өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих хуулийн төслийг УИХ яаралтай горимоор батлахыг зорьж байна. Үүнийг залуус ойлгох хэрэгтэй. Үнэ ханшийг барих тал дээр тодорхой ажил хийгдэж байна” гэлээ.