УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудалд холбогдсон. МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав, Дэд сайд асан Ш. Лхамсүрэн нарыг өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагад шалгуул гэх үүрэг даалгавар өгөөд байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлт гаргажээ.

Энэ талаар Г.Амартүвшин гишүүн “УИХ миний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол прокурор миний нэрийг УИХ-д оруулж ирээд санал хураалтаар асуудлыг шийдэх гарц байна. Би гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй, буруугүй гэдгээ нотолчихоод УИХ-ын гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Миний ард Хан-Уул дүүргийн иргэд, 130 мянган сонгогчийн эрх ашиг байгаа учраас дураараа гишүүнээс татгалзаж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Прокуророос албан тушаалын хэрэгт холбогдоод буй гишүүдийг эргүүлэн татах бичиг удахгүй УИХ-д хүргүүлнэ гэх бор шувуу ч нисч буй. Гэвч түүний нэр эргүүлэн татаж шалгах гишүүдийн нэрст орох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Д.Гэрэлээ