Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүлжээ

Энэ оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11:54 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэнээс “Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны дунд үл таних хүн халдаж цүнхийг маань дээрэмдчихлээ” гэх мэдээлэл ирүүлжээ.
Дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс-ийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад тус дүүрэгт оршин суух 44 настай, эмэгтэй “О”-г 10:00 цагийн үед ажилдаа явж байхад үл таних хүн халдаж цүнхийг нь дээрэмдэн авч явсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 31 настай, эрэгтэй “Д” гэгчийг тус дүүргийн нутаг дэвсгэрээс 16:00 цагт дайчлан баривчилж, дээрэмдсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Уг этгээд нь тухайн үед дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
❗️ Иймд дээрх этгээдтэй төстэй хүний халдлагад өртөж хохисон иргэд байвал Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандана уу.
⚖️ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИАС
17.2 дугаар зүйл. Дээрэмдэх
1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;
3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.