Т.Доржханд: “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” жагсаал зохион байгуулна

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийв. Тэрбээр жагсаал хийсэн залуучуудын хүлээлт талаар өнгөрсөн тиймээс дахин шаардлага тавьж, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн тайван жагсаалыг ирэх пүрэв гаригийн 12.00 цагт зохион байгуулах болсноо өнөөдөр мэдээлэв.

Т.Доржханд “УИХ-ын гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа дахин давтаж, ирээдүйн 30 жилтэйгээ нүүр тулах юм байна. Эдийн засагч хүний хувьд Төрийн хэмнэлтийн хуулийг би дэмжсэн. Цар тахлын дараа эдийн засаг өснө гэж тооцоод орлогоо маш их өөдрөгөөр төсөөлөөд 36 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Гэвч өнөөдрийн байдлаар хоёрхон сая нүүрс гаргаад байна. Орлогоо өндөр төлөвлөчхөөр зардал нь дагаад өндөр батлагдсан. Он гарснаас хойш төсвийн тодотголыг хоёр удаа хийлээ. Хэмнэх гэж төсвийн тодотгол хийсэн ч үр дүнгүй. Төсвийн зарлага 18 их наяд төгрөгөөр буюу ердөө 245 тэрбумын зөрүүтэй батлагдсан шүү. Засгийн газраас оруулж ирсэн тэр хувилбар нь бүрэн төгс хувилбар биш ч гэлээ муугүй хувилбар байсан. Харин тэрхүү хувилбарыг УИХ-ын гишүүд кноп дараад унагаачихсан. Үүнд үнэхээр миний урам хугарсан. Ийм байдлаар парламент ажиллаж болохгүй. Тиймээс УИХ-ын танхимаас биш гаднаас залуучуудаа уриалж, хамтдаа тэмцье” гэлээ.

Мөн тэрбээр “Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хүртэл талбай дээр сууж, тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэд хоног үргэлжлэхийг мэдэхгүй байна. Иргэдийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ыг шахна. Ингэхгүй бол Монгол өрөнд баригдаж, иргэд ядуурч, ажилгүй, орлогогүй, ирээдүйдээ итгэл мөрөөдөлгүй залуустаа болно. Энэ өөрчлөлтийг одоо л хийхгүй бол оройтно” гэдгийг хэлсэн юм.

Д.Гэрэлээ