Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар тавдугаар сарын 02-нд ойн түймэр гарсан. Түймрийг унтраахаар Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286 дугаар ангийн алба хаагчид болон нийслэлээс нэмэлт хүч очиж ажилласан. Тодруулбал, онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос өчигдөр 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газардсан юм. Түймрийг өчигдөр 15:50 цагт цурамд оруулсан байна. Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаасан бөгөөд тавдугаар сарын 03-ны өдрийн 16:04 цагт түймрийн голомтоос хөөрч Улаанбаатар хотод 18:45 цагт газарджээ. Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим байгаа аж. Одоогоор цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаар тогтуун байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.