Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, иргэдийн гарт нийлүүлж байгааг зоогийн газрын үйлчилгээ гэж төсөөлье. Эрх, үүрэг функцийнхээ хувьд зоогийн газрын эзэн нь яах аргагүй Засгийн газар буюу бүр тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тогооч нь “Тавантолгой түлш” компани. “Зөөгч” нь нийслэл хот.
Зоогийн газар хоолны нэр төрлөө илүү сайжруулж, илүү олон үйлчлүүлэгч татахын тулд шинэ жор зохиогоод, шинэ төрлийн хоол хийхээр болов. Бэлтгэсэн хоол нь үйлчлүүлэгч нарт таалагдаад эхэлбэл эрх ямбыг нь эзэд хамгийн түрүүнд эдлэх нь ойлгомжтой. Тогоочийн цалин, нэр хүнд ч дагаад өснө. Харин тавагласан хоолыг үйлчлүүлэгчийн ширээнд алдаж асгалгүй хүргэх үүрэгтэй “зөөгч”-ийн хувьд энэхүү алдар гавьяа, цалин хөлсний урамшуулал гэдэг зүйл ямар ч хүртээлгүй.
Харин шинэ хоолны жороос юм уу, эсвэл тухайн хоолны өмнө, хойно ямар бүтээгдэхүүн идэж, уувал харшилж сөрөг нөлөө үзүүлэх гэх мэтийг мэдэхгүйгээс болоод үйлчлүүлэгчийн бие эвгүйрхсэн тохиолдолд ялыг нь хамгийн зөөгч үүрнэ. Хордлого авч, бухимдсан иргэд зоогийн газрыг бүсэлж “Тогоочоо дууд, эзэд чинь хаана байна” хэмээн зөөгч рүү тал талаас нь үсчиж үйлийг нь үзнэ. Хаа газрын зөөгчид энэ зовлонг сайн мэдэх хойно. Хоолны орц найрлагыг тохируулж, давс, амтлагчийг нь тааруулсан тогооч харин гал зуухнаасаа толгойгоо цухуйхаас эмээн гэлбэлзэнэ. Эзэд бол утсаа ч авахгүй, зугтаахыг бодно.
Эцсийн дүнд зөөгч бүхний өмнө зогсож балбуулсаар бүгдийн бурууг үүрээд гарна. Гэвч дараагийн удаад Зоогийн газрынхан шинэ “зөөгч” ажиллууллаа гэж бодоход нүглийн нүдийг гурилаар хуурахын үлгэр л болно. Эзэд хийгээд тогоочийн амиа бодсон, хайхрамжгүй байдал өөрчлөгдөөгүй цагт юунд найдах билээ.