УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа. Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал мөн.
“Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улс төрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой.”
Тухайлбал УИХ-д сүүлийн 6 жилд нэг нам хэт олонх болсноор төрийн хяналт суларч, олонхоороо түрүү барьж дур зоргоороо хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй болж байгаа нь ил тод болсон. Нөгөөтэйгүүр олон улсын нөхцөл байдал ч эрс хурдацтай өөрчлөгдөж байгаа нь Монгол Улсад парламентийн ардчиллыг баталгаажуулах, эрх мэдлийн төвлөрөлийг сааруулах, хүчтэй сөрөг хүчнийг бий болгож, парламентад олон намын олон урьгалч үзлийг уралдуулах нөхцлийг яаралтай бүрдүүлэх нь амин чухал асуудал болж байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог улс орны нэгдмэл эрх ашиг, улс төрийн намуудын сонирхолд нийцүүлээгүй тохиолдолд сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийг боловсруулж хэлэлцэхэд ямар ч үр дүн гарахгүй.
ТИЙМЭЭС СОНГУУЛИЙН ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ ДЭВШИЛТЭТ ХЭЛБЭРИЙГ УЛС ТӨРЧДИЙН ЗАХИАЛГААР УСТГАСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2016 ОНЫ 05 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН УИХ-ЫН 38 ДУГААР ТОГТООЛЫГ УИХ ӨӨРӨӨ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. УИХ-ын гишүүнийхээ хувьд дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.
УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэснээр Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах асуудлыг БАГЦААР НЬ НЯГТ УЯЛДААТАЙ боловсруулж, УИХ-д өргөн барих хэрэгтэй. Ингэхийн тулд юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого , ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.
Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Д.Гэрэлээ