Татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан таниулах, татвар төлөгчдөдөө талархах, сурталчлах чиглэлээр жилийн бүр “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг.
Энэ жил татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлнэ.
Ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа иргэн бүрд и-баримтын системээр дамжуулан цахим талархлыг хүргүүлснээр “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлнэ.
ТЕГ, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулна.
Энэ оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосонтой холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоор зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгаруулж, энэ сарын 13-нд шагналыг гардуулна.
Энэхүү аяны хүрээнд 9 дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулна. Цахим орчинд “төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.
Мөн Татварын ерөнхий газар, гааль, татвар, санхүү мэдээллийн төв УҮГ хамтран бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээнд иргэдийг дадуулах нь аяны бас нэгэн зорилго юм гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.