Хятадын төв хэсэгт орших Чунцин хотын нисэх онгоцны буудал дээр өнөө өглөө /2022.05.12/ нэгэн зорчигч тээврийн онгоц шатжээ. Онгоц хөөрөх зурвасаас хөдлөөд удалгүй шатсан тухай “Xinhua” агентлаг мэдээлэв. Чунцин Жианбей олон улсын нисэх онгоцны буудлаас мэдээлснээр осол орон нутгийн цагаар өглөөний 08:09-д болжээ.
Уг онгоц нь Төвөдийн өөртөө засах орон руу нисэх байсан бөгөөд “Air China”-ийн охин компани “Tibet Airlines”-ийн онгоц юм. Онгоцонд 122 хүн зорчиж явснаас 113 зорчигчийг нүүлгэн шилжүүлж, бусад шархадсан хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр 36 хүний биеийн байдал муудсан тул орон нутгийн эмнэлгүүдэд шинжилгээ хийлгэхээр илгээсэн гэж Хятадын Иргэний нисэхийн удирдах газар мэдэгдлээ.
Хятадын хэвлэлүүдэд онгоцноос хар утаа олгойдож буй бичлэг нь тавигджээ. Нисэх онгоц хөөрөх зурвасаас хөдөлсний дараа хөдөлгүүр нь хагарч, гал гарсан тул нисгэгчид нэн даруй журмын дагуу хөөрөлтийг зогсоосон байна.
Энэ онгоц нь есөн жилийн настай А319 бөгөөд “CFM International” компанийн “CFM56” хөдөлгүүрээр ажилладаг. “Tibet Airlines”-д өдгөө 28 ширхэг А319 онгоц бий.
Хятадын Юньань мужийн Куньмин хотоос зүүн өмнөд хэсэгт Гуанжоу хотыг чиглэн зорчиж явсан Боинг 737-800 онгоц осолдсон хэрэг өнгөрсөн гуравдугаар сард мөн гарсан. Энэ нь “China eastern airlines” компанийн онгоц байсан бөгөөд 132 зорчигч бүгд нас баржээ. Уг ослоос хойш аюулгүй байдлын алдаа дутагдлыг илрүүлэхийн тулд Иргэний нисэхийн удирдах газраас салбарын хэмжээнд шалгалт явуулж байгаа аж.