Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас 2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.
Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шинэбаяр “Манай дүүргийн ЭМТ-ийн нэг онцлог нь дүүргийнхээ иргэдэд түргэн тусламж үзүүлэхээс гадна ойролцоох сумдын ард иргэдэд хүрч үйлчилдэг. Бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайн машинтай болсноор иргэдэд цаг алдалгүй шуурхай үйлчлэх боломж илүү нэмэгдэж байгаад баяртай байна” гэв
Хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай, ногоон байгууламжийн ажилд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өвчтөн, эмчлүүлэгчдийн хувьд ямар нөхцөлд эмчлүүлж байгаагаас тэдний эрүүл мэндийн байдал хамаардаг. Одоогоор нийслэлийн 15 эмнэлэгт мөн адил тохижилтын ажлууд хийгдэж байгаа, цаашид ч хийгдэх болно” хэмээлээ.
Дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олон өөрсдийн дотоод нөөц бололцоогоор эмнэлгийн граш байсан барилгыг засварлан түргэний дуудлага хүлээн авах тохилог байр болгон засварлан ая тухтай ажиллах орчноо бүрдүүлсэн байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс