АТҮТ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар зарах 16 удаагийн зар байршуулж, 300 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, нийт 2165 дугаар борлуулсан байна.
Сүүлийн жилүүдэд иргэд авто машин, утасныхаа дугаарыг ижилсүүлж гангардаг болсон. Ингэхдээ нэг тоогоор дагнасан болон өсөн тоотой 77 77, 98 99 гэх мэт дугааруудыг авах хүсэлтэй. Үүнийг зарим нэг нь азын дугаар ч гэж нэрлэх нь бий.
Тэгвэл өнгөрсөн онд дуудлага худалдаагаар борлуулсан 500 гаруй дээрх төрлийн дугаарыг 17 иргэн авчээ. Тодруулбал: 17 иргэний нэг н.Алтанбагана хамгийн олон буй 99 дугаар авсан байна.
Эдгээр 17 иргэн дээрх дугааруудаа дуудлага худалдаагаар авсан бөгөөд өрсөлдөгч гарч ирсэн тохиолдолд үнийг санаатайгаар хэт өсөж улмаар мөнгөө байршуулахгүй дахин дуудлага худалдаа зарлахад хүргэдэг байж болзошгүй байна.
Хэрэв дуудлага худалдаагаар худалдан авсан дугаарын төлбөрөө 24 цагийн дотор АТҮТ-ын дансанд байршуулахгүй бол тухайн дугаарыг дахин дуудлага худалдаанд оруулдаг аж.
Мөн дээрх иргэд дуудлага худалдаагаар авсан хэмжээний автомашинтай эсэх нь ч эргэлзээтэй байгаа юм.
Хэрэв дээрх иргэд дуудлага худалдаагаар авсан хэмжээний тээврийн хэрэгсэл байхгүй бол АТҮТ-ын ажилтнууд тэдэнд давуу байдал олгосон гэсэн үг.
Тэд дуудлага худалдаагаар өндөр үнэ хэлж авчихаад мөнгөө байршуулахгүй дахин дуудлага худалдаа явуулж хямд авдаг байж ч болзошгүй байна. Түүнчлэн үнийг хэт их өсгөх байдал нь жирийн иргэд дуудлага худалдаагаар дугаар авах боломжийг нь хааж байгаа юм.
Д.Гэрэлээ