“Үйлдвэрийн газрын соёл-Хүний хөгжил” сэдэвт сургалт эхэллээ

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний хөгжлийн төвөөс жил бүр үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн Холбооны хооронд байгуулсан “ Хамтын гэрээ”-ний дагуу ажилд орсон шинэ  ажилтнуудад “Хувь хүний  харилцаа хандлага, ёс суртахуун, байгууллагын соёл” сэдвээр сургалт зохион байгуулдаг уламжлалтай. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй сургалтаа уламжлал ёсоор үйлдвэрийн ҮЭ-ийн холбоотой хамтран явуулж байна. Энэхүү цогц сургалт нь гурван хэсэгтэй. Өнөөдөр “Үйлдвэрийн газрын соёл- Хүний хөгжил” сэдвийн хүрээнд сургалт эхэлсэн. Дараагийн хэсгүүд нь “Харилцаа, хандлага”, “Хувь хүний манлайлал” сэдвээр энэ сарын 26, ирэх 11-р сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж. “Үйлдвэрийн газрын соёл-Хүний хөгжил” сургалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр шинэ ажилтнуудад амжилт хүсэж, үйлдвэрийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн Зөвлөх багш Д.Хүрэлбаатар “Хүний хөгжлийн үзэл баримтлал”, гэрээт багш Б.Пүрэвтунгалаг “Сэтгэлгээний загвар-Амжилтад хөтлөх шинэ сэтгэл зүй” сэдвээр илтгэл тавьж, сургалт явууллаа.


Сургалтын зохион байгуулагч, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Хүний хөгжлийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн Ч.Уранчимэг “Энэ сургалт маань 2019 оноос эхэлсэн. Эл сургалтыг анхнаас нь үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо дэмжин санхүүжүүлж байна. Ер нь үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо уурхайчдынхаа удам залгасан хойч үеийнхний хөгжил дэвшилд зориулж, жил бүр 30-35 сая төгрөгийг сургалтын үйл ажиллагаанд зарцуулдаг. Сургалтын зорилго нь шинээр орсон ажилтнуудад ямар байгууллагад ажиллаж буйг танилцуулах, бусдыг хүндэтгэх, харилцан бие биенээсээ суралцах, үйлдвэрээрээ бахархах санаа сэдлийг нь төрүүлж, урам зориг өгөхөд чиглэгддэг” гэдгийг онцолсон. Энэ удаагийн сургалтад “Хамтын гэрээ”-ний дагуу ажилд орсон 97 ажилтан оролцож байна.