ШУУД: Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл /2022.11.07/  хийж байна.


АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Монгол Улсын эдийн засаг дахь төрийн оролцоо асар их нэмэгдэж байна. Бид өнгөрөгч долоо хоногт МАН-ын мөрийн хөтөлбөрийг задалж ярьсан. Энэ удаад эдийн засагтай холбоотой амлалтыг авч үзье. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг нэхэж ажиллана.

  • Монгол Улсыг өрийн дарамтгүй болгоно гэж байжээ. Гэтэл өнөөдөр Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдэж, нэг иргэнд 30 сая төгрөгийн өр оногдож байна. Өрийн дарамтгүй улс болгоно гэх амлалт хаачсан бэ.
  • Газрын тосны үйлдвэр мөн л ашиглалтад ороогүй байна. Яг энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Хөгжлийн банкинд  150 сая төгрөгийн өртэй, үйлдвэрийн ажил нь одоог хүртэл эхлээгүй, ТЭЗҮ тодорхойгүй байна.
  • 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн яасан бэ. Гэтэл уг ажлын байрыг өмнөд солонгосчууд бий болгож өгч байна. Ажиллангаа ядуурдаг байдал Монголд бий болчихсон. Ирээдүйн өв сангаар төсвийн алдагдлыг нөхөж байна.
  • 150 мянган тонн мах экспортолно гэсэн хаана байна. Махны орлого хаачсан бэ. Одоо улс даяараа халдвартай, шүлхийтэй махтай байна. Экспортод 20 мянган тонн хүрэхгүй мах гарч байна. Малчид орлогогүй, Монгол Улс валютын нөөцгүй боллоо.

-Монгол Улсын нийт өр хэдэн төгрөг байна вэ. Дефолт зарлах хэмжээний асуудал яригдаж эхэлсэн. Үүнд танай бүлэг ямар саналтай байна вэ?

-2016 оноос тоолох юм бол Монгол Улсын Засгийн газрын өр 4 тэрбум ам.доллар байсан бол одоо 8.4 тэрбум ам.доллар байна. Засгийн газарт хамаарах өр хоёр дахин нэмэгдсэн. Үүнд Монголбанкны болон бусад өр зээл ороогүй. Нийт Монгол Улсын өр  33 тэрбум ам.доллар байна. Нийт өр, сүүлийн зургаан жилд хоёр дахин нэмэгдсэн. Ингэснээр, нэг иргэнд өнөөдөр 33 сая төгрөгийн өр ногдож байна. Энэ бол мэргэжлийн байгууллагаас гаргаж буй тоо.

Монгол Улс дефолт зарлах эрсдэл байгааг тал талдаа ярьж байна. Иймээс төсвийг алдагдалгүй батлах хэрэгтэй. Тухайлбал, 2.7 их наядаар төсвийг алдагдалгүй баталчих юм бол ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хэмнэлт хийнэ. Гэтэл ирэх жил Монголбанкныг оруулахгүй бол 1.5 тэрбум ам.доллар төлөх гээд байна. Үндсэндээ, валютын нөөц байхгүй байна. Дээрх мөнгийг хэмнэх юм бол өр төлбөрийн эрсдэл буурна. Энэ асуудлаар шаардлага тавихад “Энэ бол бодитой төсөв, алдагдалгүй төсөв” гэхчлэн өөр улс төрийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Бид бүхний хийж чадах зүйл бол төсвөө алдагдалгүй батлаад нэг тэрбум ам.доллар хэмнэе. Үүгээр өр зээлээ төлөх бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй гэсэн саналтай байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Хөгжлийн банкны бүх зээлийг АН руу чихэж байна. Нээлттэй сонсголын материалыг Хөгжлийн банкнаас бэлдэж өгсөн. Эндээс найдваргүй зээл ямар үед өссөн байгаа нь харагдаж байна. Хөгжлийн банкны асуудлыг эргэн төлүүлэх, зээл өгсөн хүмүүс ч мөн буруутай. Өрийн дарагдуулахад аж ахуй нэгжтэйгээ яагаад хамтарч ажиллагаагүй юм.

Оффтейк гэрээ Үндсэн хуулийг зөрчиж байна. Оффтейк гэрээгээр валют орж ирэхгүй байна. Үүний ард маш том авлигал байна. Та нар санаж байгаа бол МАН АН-ыг гурван төсөвтэй болчихлоо гэж шүүмжилдэг байсан бол МАН өнөөдөр 10 төсөвтэй болчихсон байна. Төсвийг алдагдалгүй батлах гэсэн байр суурин дээр хэвээрээ байна.