Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамьянтай Үндсэн хуулийн эргэн тойронд болж байгаа асуудлын талаар ярилцлаа.
-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрс эсэргүүцдэг. Шалтгаан нь юу вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт гэгчийг би эхнээс нь зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд манай улсын хамгийн шилдэг 400 гаруй хүн гурван сар шахам хэлэлцэж баталсан юм. Хамгийн сайн Үндсэн хууль. Монголын ард түмэн ч, олон улсад ч ингэж үнэлдэг. Тухайлбал, Ерөнхий сайд агсан П.Жасрай “Монголын Үндсэн хуулийг олон улсын жишигтэй харьцуулж маш сайн боловсруулсан учраас бараг олон улсын гэж болохоор нэр хүндтэй хууль болсон” гээд хүндэтгэлтэй хандахыг сануулж байсан.
Үндсэн хуулийн эхийг барьсан нэрт хуульч Б.Чимид гуай “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 60 гаруй орны Үндсэн хуулиас туршлага авч, ярилцаж, санаа бодлыг нь тусгасан учраас сайн хууль болсон. Энэ Үндсэн хуульд бараг 100 жил гар хүрэхгүй байх” гэж байсан. Түүнээс хойш хорин хэдхэн жилийн дараа “Энэ Үндсэн хууль хэргээ өнгөрөөлөө” гээд ихэнхийг нь засчихаж болохгүй байх.
Хэрэгжүүлж чадах аваас 1992 оны Үндсэн хууль үнэхээр сайн хууль. Иймд би эхнээс нь “Үндсэн хуульд битгий гар хүрээчээ, ямар ч байсан одоогийн энэ нөхцөлд өөрчилмөөргүй байна” гэж өчнөөн удаа ярьж, бичсэн. Хоёрдугаарт, хэрэв Үндсэн хуулийг үнэхээр өөрчлөх бол тусгай бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болоод, тэд нь ямар нэгэн атгаг санаагүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний асуудал тавьж шийдвэрлэсэн тохиолдолд байж болох юм. Гэхдээ цаг нь болоогүй, тохироо нь бүрдээгүй. Аливаа юманд тохироо бүрдэнэ гэж бий. Гуравдугаарт, өнөөгийн парламент Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний нэр хүндийг олж чадаагүй. Үндсэн хуулийг өөрчлөх гэж зүтгээд байгаа УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь ямар нэг хэрэг түвэгт холбогдсон хүмүүс байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа хүмүүс дунд хулгай, худал, садар самуун, хөрөнгө мөнгө завшсан гэх гэмт хэрэгт холбогдсон хүн олон байна. Ийм хүмүүсээр бид Үндсэн хуулиа өөрчлүүлмээргүй байна. Ийм учраас би Үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдэг талд нь одоо хүртэл явж байна.
-Өөрчилье гээд байгаа хүмүүст ямар зорилго байна вэ?
-Тэдэнд ганц л зорилго бий. Тэр нь юу вэ гэвэл, Монголд 20 гаруй жил тогтсон МАНАН мафийн сүлжээг ямар нэг байдлаар авч үлдье гэсэн бодолтой хүмүүс Үндсэн хуулийг өөрчилье гэж хашгирч, давшилж, янз бүрийн арга зам хайж байна. МАНАН мафийн сүлжээнд орооцолдсон, өөрсдөө оройлж яваа хүмүүс УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллагад байна.Тэд Үндсэн хуулийг өөрчилж авъя. Түүгээрээ төрийн эргэлт хийе гэсэн бодолтой байгаа нь нууц биш. Тэд хамгийн гол нь сонгуулийн холимог тогтолцоог оруулах гэж шамдаж, өнөөдөр бараг хуульчилж байх шиг байна. Манай Үндсэн хуулийн амин сүнс нь шууд гэсэн ганцхан үг бий. Монголын ард түмэн төрийн эрх барих хүмүүсийг шууд сонгоно гэсэн заалт бий. Гэтэл үүнийг Үндсэн хуулиас авч хаяад холимог тогтолцоо гэгчийг гаргаж ирэх гэж улайран зүтгэж байгаа. Холимог тогтолцоогоор Монголд нэг удаа туршлага хийсэн. Тэр нь юу болсон бэ гэвэл, хамгийн өөдгүй хулгайч, худалч, хувийн ашиг сонирхолд автсан хүмүүс намын нэрсийн жагсаалт гэгч зүйлээр өөрсдийнхөө нэрийг эхэнд нь бичээд УИХ-д орж ирсэн. Тэдний бараг 60,70 хувь нь өнөөдөр хэрэгт холбогдсон, шоронд орсон, зарим нь гадаадад оргоод явчихсан, мөн энд шалгагдаж байгаа нь ч байна. Тийм өөдгүй хүмүүсийг намын нэрсийн жагсаалт гэдэг луйврын аргаар УИХ-д оруулж байсан. Түүнийгээ өнөөдөр хуульчилбал дараагийн сонгуулиас эхлээд Монголд маш эвгүй нөхцөл байдал бий болно. Юуны өмнө намын нэрсийн жагсаалт гэгчээр МАН, АН-ын хэсэг бүлэг хулгайч, худалч, алуурчин янз бүрийн хүмүүс УИХ-д орж ирэхийг байг гэх газаргүй. Үүнээс сэрэмжлээч, Үндсэн хуульд холимог тогтолцоо гэгчийг битгий оруулаач гэж олон түмэн маш их шаардаж байгаа. Гэтэл саяхан АН-ын удирдлага дахь хэдэн хүн Ерөнхийлөгчтэйгээ хуйвалдан шантаажилж тулгасаар байгаад холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж байгаа сураг дуулдсан. Хэрэв тэр нь батлагдвал маш хортой зүйл болно. Монголд төрийн тогтворгүй байдал үүснэ. Үүнээс сэрэмжлээрэй гэж би ард түмэндээ захиж хэлээд байгаа юм.
-Гэхдээ одоо УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх гэж байна. Хүчээр батлах нь ээ?
-Үндсэн хуулийг хүчээр батлах гэж байгаа оролдлогыг би “Ордны хуйвалдаан” гэж үзэж байгаа. Энэ хуйвалдаанд хэн, хэн оролцож байна гэвэл нэгдүгээрт Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд, АН-ын УИХ дахь зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Пүрэвдорж, АН-ын дарга С.Эрдэнэ нар үүнийг дэмжиж, шантаажилж бусармаг явдлыг хийж байгаа. Ардын намаас хэдэн хүн бий. 33-ын бүлэгтээ ялагдаад хонзогнож байгаа 32-ын бүлгийн хэсэг хүн Үндсэн хуулийг өөрчилье гэж улайран зүтгэж байгаа. Тэдний толгойлогч нь Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар. Энэ хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдгийг ордны хуйвалдаанаар шууд батлахаар одоо гуравдугаар хэлэлцүүлэг гэгчийг эхлүүлэх гэж байна. Үүнийгээ хийсэн нэр хэмээгээд ямар ч байсан батална гэсэн бодолтой байгаа учраас би ард түмнийхээ хамт бусармаг явдлыг эсэргүүцэж байгаа. Энэ бол нэг үгээр хэлбэл, Үндсэн хуулийн аргаар төрийн эргэлт хийх гэсэн хэсэг бүлэг хүний бодлого юм. Үүнийг Монголын ард түмэн сайн ойлгож, Үндсэн хуулиа “сэг сэвс” болгочихолгүй бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө тэмцэх хэрэгтэй байна.
– Та түрүүнд тусгай бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болж, тэд нь ямар нэгэн атгаг санаагүйгээр асуудал тавьж шийдвэрлэсэн тохиолдолд Үндсэн хуулийг өөрчилж болно гэлээ. Ямар өөрчлөлт оруулахыг зөв гэж бодож байна?
-Анхаармаар зүйл бий. Хамгийн гол нь төрийн тогтолцоо. Эхлээд нэг танхимтай, 76 хүнтэй энэ парламент шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Миний бодлоор хоёр танхимтай парламент байж төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөмтэй. Зарим хүн хэлдэг, ерөөсөө холимог тогтолцоог оруулчихвал сонгодог парламент болно гэж. Тийм биш шүү дээ. Сонгодог парламент буюу хоёр танхимтай төрийн тогтолцоо Монголд байсан юм. Тэр бол ард түмэн төлөөлөгчөө сонгоод ирүүлчихдэг Ардын Их Хурал /АИХ/ байлаа. АИХ-аасаа Улсын Бага хурал /УБХ/-ыг сонгодог байсан. УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд гэдэг хүнийг Монголын ард түмэн сайн мэднэ. АИХ нь төрийн бүх эрх мэдлийг шийдэж явуулдаг, хууль тогтоомжуудыг баталдаг хүчирхэг парламентын хэлбэр байсан. Түүнийг өөрчилж, ганц танхимтай, 76 гишүүнтэй парламентыг бий болгосон. Энэ нь өнөөдөр доторх хүмүүсээсээ ч болж байна, дотоод бололцооноос ч хамаарч байна. Дээр нь үеэ өнгөрөөлөө. Тэгвэл хамгийн сонгодог парламент болох АИХ, УБХ гэсэн хоёр танхимтай тогтолцоо л Монголын төрд хэрэгтэй.
– Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэх юм?
-Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй. Хаад, ноёд, Ерөнхийлөгчийг бид дамжиж өнгөрөөсөн. Нэг хүний засаглал яваандаа харгислал болдог. Х.Чойбалсанг ганцаараа ноёрхож байх үед монголчууд 30 мянга гаруй хүнээ шороонд булуулсан. Дараа нь Ю.Цэдэнбалын засаглал тогтсон. Тэр хүн хэмжээгүй эрхэт байдлаар Монгол Улсыг удирдаж ямар хэмжээнд хүргэсэн билээ. Манай орон хоцрогдсон хэвээр үлдсэн шүү дээ. Тиймээс манайд парламентын тогтолцоо нь зохимжтой. Харин 76 гишүүнтэй ганц танхимтай байх уу, хоёр танхимтай АИХ, УБХ байх уу гэдгийг ард түмэн маань сонгож авах хэрэгтэй. Хамгийн гол нь намын хүчирхийллээс гарах хэрэгтэй. Ард түмэн өөрсдөө сонгодог Ардын Их хуралтай байх нь зөв. Жишээлбэл, аймаг, сум, баг бүрээс иргэдээ Ардын Их Хуралд ирүүлж, АИХ нь шийдвэр гаргадаг. Улсын Бага Хурал нь ч гэсэн тэр журмын дагуу сонгогддог байвал Монголд засаглалын жинхэнэ шударга хэлбэр тогтоно. Ер нь бол ард түмний зүгээс Монголд шударга ёс тогтоосой гэж л хүсч байгаа. Монголд шударга ёс тогтоохын тулд тогтолцооны асуудлыг одоохондоо хойш тавьж бужигнуулаад байх хэрэггүй. Энэ бол хоёрдугаар асуудал. Харин шударга ёс тогтоох хамгийн гол асуудал нь шүүх, прокурор, хуулийн байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал учраас маш нарийн хуульчилж өгөх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, манай улсын сүүлийн хоёр Ерөнхийлөгч барьцаанд байлаа.Яагаад гэвэл, шүүх, прокурорт байцаагдах хэрэгт орооцолдсон хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож болдоггүй юм байна. Үүнийг ард түмэн хатуу ойлгоосой. Тухайлбал, Ц.Элбэгдорж гэдэг хүнийг С.Зоригийн хэрэг, зургийн хэрэг, сүүлдээ “Эрдэнэт”-ийн хэргээр шүүх, прокурорын удирдлагууд барьцаалчихсан, хаашаа ч хөдөлгөдөггүй. Дараа нь гарч ирсэн Х.Баттулга мөн адил. Төмөр замын 285 тэрбум төгрөгийн шамшигдал, ЗТХЯ-нд болсон аллага, өөрөөр хэлбэл тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн том аллагад холбогдуулж хууль хүчнийхэн түүнийг барьцаалчихсан байна. Ингэж барьцаалагдах Ерөнхийлөгч байгаа цагт хууль, хүчний байгууллагууд хааш нь ч хөдөлгөдөггүй юм байна. Тиймээс хэрэв Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол шударга тогтолцоонд нэн түрүүнд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн дарга болон ерөнхий прокурорыг хэрхэн томилж, татах вэ, үүнийг хуульд оруулж өгөөч гэсэн. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд энэ талаар хамгийн хэрэгтэй зүйлүүдийг нь авч хаяад мөлийлгөчихсөн. Тиймээс нэгдүгээр зэргийн асуудал нь энэ гэж би хэлнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвээс ийм гаж тогтолцоотой засаглал, хууль хүчний байгууллагуудтай тохиолдолд тэр талаар ярихын ч хэрэггүй юм. Хуучнаараа байж байг.
-Таны нэрлэсэнчлэн “Ордны хуйвалдаан”-аар Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхөд хүрвэл яах вэ?
-Ард түмний саналыг авалгүй Үндсэн хуулийг хүчээр өөрчлөхөд хүрч гэмээ нь төрийн тогтворгүй байдал бий болно. Эхлээд ямар хүмүүс хүчилж батлуулав гэдгийг ил болго.Гишүүдийн нэрс гардаг шүү дээ, тэр жагсаалтыг ил гарга. Эсэргүүцсэн хүмүүсийн нэрсийг мөн ил тод зарла. Манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл, сонин, телевиз, цахим хуудсуудаар түгээх хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах гэж шунахайрч дайрсан хүмүүсийг нэр устай нь зарла. Тэр хүмүүсийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй, сонгохгүй байх талаар ард түмэн хамаг анхаарлаа чиглүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Д.Лүндээжанцан л гэхэд янз бүрийн сонгуульд зүтгэнэ. С.Бямбацогт тэргүүтэй хүмүүс ч дараагийн сонгуульд бэлтгэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахгүй гэж эсэргүүцсэн нэг хэсэг байж таарна. Тэдний нэрийг ил тод болгож, очсон газар бүрт нь дэмжиж УИХ-д гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэрэв хүчээр энэ өөрчлөлтийг батлах юм бол тэрийг оройлж удирдаад, шантаажлаад яваад байгаа Ерөнхийлөгч, ЕТГ-ын дарга, АН-ын УИХ дахь удирдлага, МАН-ын 32-ын бүлгийн зарим хүнийг ард түмэн маш сайн тогтоож аваад Ерөнхийлөгч болон УИХ-ын зарим гишүүнийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татах асуудлыг тавих нь зүйтэй. Нүгэл хийчихээд түүнээсээ зайлах гэж янз бүрийн хувилбар бодож, УИХ-ыг харлуулж харагдуулаад байгаа хүмүүстэй тэмцэх хэрэгтэй. Гуравдугаарт, улс орноо саарал жагсаалтад оруулсан гэх асуудлаар УИХ-ын дарга хоёр хүнийг нэр цохож хариуцлага тооцсон. Уг нь УИХ зөв чигт нь залж, саарал жагсаалтаас гаргах бүх арга замыг хэлэлцэж, шийддэг байгууллага нь шүү дээ. Гэтэл үүнд УИХ дэндүү хайнга хандлаа. Саарал жагсаалтад орох гол үндэслэл нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, оффшор дансны гээд том гэмт хэргүүд байна. Эд бүгд Монголд бугшсанаас болж манай улс саарал жагсаалтад орсон. Үүнийг бий болгож байгаа хүмүүс нь барьцаанд байгаа Ерөнхийлөгч нар, тэдний хань хамсаатнууд, тэднийг ивээн тэтгэж байгаа ямар ч захиргаагүйгээр хуулийг хүчгүйдүүлж байгаа Улсын Дээд шүүх, прокурорын удирдлагыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж саарал, хар жагсаалтын талаар ярих ёстой. Үүнийг манай болгооно байгаа гэж бодож байна. Ингэж чадахгүй бол монголчууд хар, саарал жагсаалтаас дөрвөн сар байтугай дөрвөн жилийн дотор гарахгүй.
Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх луйвар ямар үр дагаварт хүргэх вэ гэдэгт хүн болгон дор бүрдээ анхаарч, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг дотроо ухамсарлаж байх ёстой. Өөрчлөөд хэсэг хэл ам болоод өнгөрөх үү, хэн нэгэнд хариуцлага тооцох уу гэдгийг ард түмэн анхаарах хэрэгтэй. Байдал ихээхэн хурцадлаа шүү дээ. Өнөөдөр Монголын ард түмэн маш их бухимдаж байна. Түүний илрэл нь саяхан ард түмэн Д.Сүхбаатарын талбайд гараад жагслаа. Жагсаал удирдсан хүмүүсийн тухайд би тэр, энэ гэж хэлэхгүй, Цаг хугацаа харуулах байх. Ямар хүмүүс удирдаж хэний төлөө үйлчилж явааг мэдэхгүй. Хамгийн гол нь ард түмэн маш их бухимдсан байна. Бухимдал эцэстээ юунд хүргэх вэ гэдгийг ард түмэн сайтар ойлгож, хариуцлага тооцох, тооцоо бодох хүмүүсийг эртхэн мэдсэн байгаасай. Эцэст нь хэлэхэд, нэмэлт, өөрчлөлтийг энэ янзаар батлах юм бол ардчилсан Үндсэн хуулийн маань “сэг сэвс” л үлдэнэ, өөр юу ч үлдэхгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Үл-Олдох