УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитэй 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, хоёр орны соёлын салбарын зарим асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар талууд соёлын өвийг хамгаалах, сэргээх, дэд бүтцийг хөгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах асуудал төрийн гол бодлогуудын нэг байх ёстой гэдэгт санал нэг буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй зарим ажлын талаар санал солилцов.
Тухайлбал, Байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон уул уурхай, аялал жуулчлалын зэрэг нөлөөнд өртөн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдалд ноцтой хохирол учирч болзошгүй говийн бүсийн соёлын биет өвийг тодорхойлох, хамгаалах талаар ажиллаж буйгаа илэрхийлэв. Мөн Монгол-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 51 жилийн ойн хүрээнд болон говийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойн хүрээнд 2023 онд зохион байгуулах соёлын арга хэмжээний талаар мэдээлэл хуваалцаж, тус арга хэмжээнд Япон Улсын талаас өндөр хэмжээний зочдыг урих төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа илэрхийллээ.
Кино, урлагыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2023 онд Япон Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулах зарим ажлын талаар санал солилцож, ирэх 12 дугаар сарын 05-ны өдөр хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийн талаар энэ үеэр мөн мэдээлэл хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.