12 дугаар сарын 12-нд Улаанбаатар өртөөнд аймшигт осол гарч довын сэлгээ хийж байсан вагон бичигч 45 настай эмэгтэй ажилтан осолд орж, ослын улмаас хоёр хөлөө тайруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хохирогчийн хувьд дөрвөн хүүхэдтэй бөгөөд хөлөө тайруулсан, Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Тухайн хохирогчийн биеийн байдал ямар байгаа талаар Гэмтэл согог судлалын төвөөс тодруулахад: 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 14:45 цагт иргэн 46 настай, У овогтой А нь ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт Нийслэлийн түргэн тусламжийн 103 дуудлагаар хүргэгдэж ирсэн.
Энэ үед өвчтөний биеийн байдал хүнд, зүүн хөл өвдөгний үеэр бүрэн тасарсан, мөн баруун хөл шилбэний дунд 1/3 хэсгээр бүрэн тасарсан гэсэн оноштой.
Иймд Эрчимт эмчилгээний тасаг, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж, өвчтөн болон ар гэрийнхэнд нь шаардлагатай мэдээллийг өгсний дагуу яаралтай мэс заслын эмчилгээ хийсэн.
Мэс заслын дараа эмийн эрчимт эмчилгээ, боолт, сэтгэл засал эмчилгээ эхлүүлж, өвчтөний биеийн ерөнхий байдал сайжирсны дараа НХГСТ-т эмчилгээг үргэлжлүүлсэн.
Түүнчлэн зөөлөн эдийг нөхөн сэргээх мэс засал, эмчилгээ хийлгэхээр 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр өвчтөнийг Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт шилжүүлээд байна гэв
Энэхүү хэрэг аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс үүдэж гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Эх сурвалжийн өгүүлснээр эл хэргийг нууцлахыг холбогдох албан тушаалтнууд төмөр замын ажилчдад хатуухан анхааруулсан байна.